Адармаатай тоглолтын төгсгөлийг Апес баг сайн хийлээ

415530015_382673900944757_6043839528283224033_n

Лигийн тэмцээний 2-р тойргийн хамгийн их хүлээлттэй тоглолтуудын нэг бол яах аргагүй адилхан хожил, хожигдолтой тэмцээний тэргүүн эгнээнд яваа IHC Апес болон BCH Гарьд багуудын тоглолт байлаа. Эхний тойрогт учраа таарахад Гарьдууд илүүрхэж яваад оноогоо бариулж, улмаар нэмэлт цагт Апесчууд хожил авч байсан. Тоглолтыг лигийн аваргууд тун чамбай эхлүүлж, эхний үеийн онооны харьцаа 24:13. Ерөнхийдөө эхний хагаст С.Суботичийн цэргүүд даалгавраа сайн биелүүлэн, 36:18-аар оноог нэг нугалж, завсарлага болоход 44:29-өөр илүүхэж дуусгав. Легионерүүдийн жигд тоглолт багаа хэмнэлд оруулж, Д.Дөлгөөмөрөнгийн самбараас бөмбөг авалт аавынхаа тоглолтыг өөрийн эрхгүй санагдуулж байв. Түүний аав Даваадорж лигийн анхдагч багуудын нэг болох “Алтайн бүргэдүүд” багт тоглож, улирлын “Шилдэг залуу тоглогч”-ийн шагналыг хүртэж байсан нэгэн. Дээр нь хашир мастер Э.Дөлгөөний дайчин тоглолт, мятрашгүй хичээл зүтгэлийг харах сайхан байлаа. Хамгийн гол нь залуухан багийн ахлагч нарын үүрэг роль ямар байсныг дурьдахгүй өнгөрч боломгүй. Тэд хоёул 18 оноо авцгаасан. Тэднээс өндөр оноо авсан тоглогчид аль аль багаас гараагүй. Тэгэхээр хамгаалалт хана хэрэм мэт ямархүү хатуу байсныг харж болохоор. О.Эрдэнэцогт 37 минут талбайд өнгөрүүлэхдээ торгуулийн шидэлтээ 11/13 буюу 84,6%-тай шидсэн. Ихэнх шидэлт нь тоглолтын 4-р үед байсныг дахин сануулья. Харин М.Өлзий-Орших багаа яаж түүчээлснийг би ч харлаа, та ч үзлээ, бид бүгд бүгдээрээ бахархлаа. Аав хүү Горуновичийн дайчид тоглолтын сүүлийн хагас эхлэнгүүт хэмнэлдээ аажим аажмаар орж эхэлсэн. Гарьдууд 37 минутийн туршид оноогоор илүү явсан давамгайллыг тэд яаж зогсоов? Эргэлтийн цэг хаана болов? А.Смитийг толгойгоороо сэжсэн Ц.Отгонжаргалын үйлдэлд тэрээр нударч хариу өгөв. Шүүгч тэр дор нь түүнд техникийн алдаа хүртээлээ. Удалгүй Апесийн төвийн тоглогч ганцаараа сугарч, цагирагт довтлох үед хашир тоглогч Б.Мөнхболд араас нь зуурч, тухайн үйлдэл болсны дараа цээж нийлүүлэн, нүүр тулснаар спортын бус алдаагаар торгуулав. Ингээд өмнө нь техникийн алдаатай байсан Смит ч, ердөө минут хагас хугацааг талбайд өнгөрүүлсэн Мөнхболд хоёул талбайгаас хөөгдөх нь тэр. Харилцан алдаа байсан тул техникийн алдааны шидэлт байхгүй, харин спортын бус алдааны шидэлтийг хожигдож яваа баг гүйцэтгээд, залгуулаад бөмбөг эзэмшсэн нь тэдэнд бага гэлтргүй давуу байдал олгосон. Одоо бичнүүд тоглолтын төгсгөлд яаж сэргэлт авсныг хүүрнэе. С.Эрдэнэдалайгийн самбарын ажиллагаа, ялангуяа зүтгэж аваад, Б.Тулуйд гаргаж өгсөн тэр ганган дамжуулалт, залуу тоглогчийн гоёхон шидэлтийг онцолъё. Тооны харьцаа 72:72 байхад Гарьдуудын ахлагч тоог 75:72 болгож орхив. Удалгүй Апесын ахлагч айлын талбайд бужигнуулсны эцэст сул гарсан Н.Батбаярт бөмбөгийг өгснөөр тэр шидэлтээ чулуу болгож, тоог 75:75 болгож тэнцүүлсэн. Эсрэг багийн довтолгоог няцааж, эргээд бичнүүд давшилтанд оров. М.Өлзий-Оршихийн хурдтай хөлийн ажиллагаа хамгааалж байсан залуу тоглогч Б.Төгөлдөрийг ажилгүй болгож, улмаар гайхалтай шидэлт нь тор шатаасан даа.

Тоо 78:75 болжээ. Энэ үед UG Арена ордон тэр аяараа үзэгчдийн сэтгэл хөдлөлийн нүргээнд бүрэн автсан байлаа. Туслах дасгалжуулагч Матежа Горунович ааваасаа ч илүү эмоцитой гэдгээ ёстой нэг харуулах шиг болов. Аргагүй дээ, өөр яах ч билээ. Үлдсэн хорь гаруй секунд бас л дуулиан дүүрэн болсон. Эсрэг багийн легионерыг хажуугаас бөмбөг шидэх үед Т.Мэндбаяр салхи шиг шунгинан очин аймшигтай хаалтыг олны нүдний өмнө, шүүгчийн нүдэн дээр хийв. Залгуулаад бөмбөг гаргах үед, мөн 3-аас шидэх үед өнөөх л Мэндээгийн гар “Хүн аалз” киноны гол баатрын торыг санагдуулам хурдан түргэн эзэндээ ажилласаар тоглолтыг дуусгав. IHC Апес баг энэ тоглолтоороо багаараа яаж сэргэлт авдгаа, сэтгэл зүй ямархуу байгаагаа, Монгол тоглогчдын үнэ цэнэ өссөнийг, нэг цул баг болсноо, хасагдах шатанд яаж тоглохоо зарлан тунхаглалалаа. Ялагчид маргааш дахиад л хүндхэн тоглолт хийнэ. Тэдний өрсөлдөгчид Бишрэлт Металлчууд байх болно. Ээдээ энэ улирлын 2-р тойргийн сүүлийн болон плей-оффын тоглолтууд нар мандуулж, нас залуужуулах бололтой шүү.

 

Спортын сэтгүүлч Н.Тамир

 

IHC Апес багийн ахлагч М.Өлзий-Оршихын яриа  Бичлэг үзэх  Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг