33621b7f-ede5-44b1-a67c-1217573a0b5f
МҮБХ-ны “Үндэсний Алтан цомын төлөөх” шигшээ 8 багийн гурав дах барилдаанд Увс – Говьсүмбэр аймгуудын багууд халз өрсөлдөж, 5 тойрог бүрт 3:2-оор давамгайлсан, дан аймгийн арслангуудаас бүрдсэн  Говьсүмбэр аймгийн баг 15:10-ын харьцаагаа ялалт байгуулснаар шөвгийн дөрөвт шалгарч үлдэн, томоохон шуугиан тарилаа. Ялагч багаас аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан М.Эрхэмбаяр нар өвдөг шороодолгүй тус бүр 5 даваа авснаар багаа ялуулахад гол үүрэгтэй оролцов. Мөн аймгийн арслан Н.Намнансүрэн 3, аймгийн арслан Г.Дармаажанцан 2, багаараа нийт 15 даваа авсан бол аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн болон 4-р тойргоос түүний оронд сэлгээнээс барилдсан аймгийн арслан Б.Үүрцайх нар хараахан даваа авч чадаагүй байна. Том цолтой бөхчүүдтэй Увс аймгийн багийнхан энэ удаад бүрэлдэхүүн нимгэн барилдаж, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын начин О.Түмэн, улсын начин Д.Тогтохжаргал, аймгийн арслан Л.Энхсаруул нар хоёр хоёр даваа авцгаан, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ, 3-р тойргоос сэлгээнээс хүч үзсэн улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар нэг нэг давааг багтаа нэмэрлэсэн ч багаараа авсан 10 даваа хангалтгүй байлаа. Даян аварга Н.Батсуурийн барилдаан ч өөрийн эрхгүй үгүйлэгдэв. Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Гончигтавхай, Увс аймгийн багийн дасгалжуулагчаар Д.Энхболд нар ажиллажээ. Ялсан баг удирдамжид зааснаар 20 сая төгрөгийн шагналын болзол биелүүлсэн бол ялагдсан баг 5 сая төгрөгийн шагналаа гардав. Өнөө орой хуваарийн дагуу Ховд-Баян-Өлгий аймгууд учраа тааран барилдсанаар шилдэг 4 багийн нэрс бүрэн тодрох юм.