Алтан цом-2024 Хагас шигшээ барилдаан Баян-Өлгий 14:11 Булган

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу 3-р тойргийн 2 дахь өдрийн 2 дах барилдаан. Ёстой санаанд оромгүй ялалт! Бөх хүн бүдүүн өвсөнд гэгч л боллоо. Жигдхэн барилдаантай улсын начингуудын багийг “Өлгийн хүчтэн”-гүүд өлхөн аваад явчихлаа даа. Ийнхүү анхны “Алтан цом”-д үзүүрлэж байсан Булганчууд хагас шигшээгээс мултарч, Баян-Өлгий аймгийн баг шигшээ наймд гараад ирлээ. Эхний 3 тойрогт алс баруун хязгаарын хүчтэнгүүд 3:2 4:1 3:2 буюу 10:5 гэж илүүрхсэн бол 4-р тойрогт Булганы залуус 5:0-ээр эргэн ирэлт хийснээр тоог 10:10 болгон тэнцүүлэв. Шийдвэрлэх 5-р тойргийн эхний давааг Б.Түмэндэмбэрэл начин авсан ч үлдсэн барилдаануудад өрсөлдөгчид нь чамбай барилдаанууд гарган маш чухал даваануудаа авч чадлаа. Сэлгээгээр орж ирсэн улсын начин Мустафа 12 дах, аймгийн арслан М.Еркебулан амаргүй начин Д.Амарсайханаар хожлын 13 дах давааг авснаар тэд багаараа шигшээ барилдаанд шалгарсан 4 дэх баг болов. Баян-Өлгий аймгийн багаас аймгийн хурц арслан У.Береке 3, аймгийн хурц арслан М.Еркебулан 1, аймгийн арслан Т.Эрболат 2, 4-р тойргоос түүний оронд сэлгээгээр орж ирсэн улсын өсөх идэр начин Н.Мустафа 1, аймгийн арслан Б.Төмөрбаатар 3, аймгийн заан Е.Көптилек 4 гээд нийт 14 даваа авсан бол Булган аймгийн багаас улсын начин Б.Түмэндэмбэрэл 3, улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Э.Сумъяабат, сэлгээнээс орж ирсэн улсын начин Б.Түвшинтөгс, улсын начин Э.Энх-Амгалан нар тус бүр 2 даваа авцгаан, харин улсын начин Д.Амаржаргал сүүлийн мөчид сэлгээнээс орж ирсэн ч даваа авч амжсангүй багаараа 11 даваатай барилдаанаа өндөрлүүллээ. Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Б.Серик, Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж нар ажиллав. Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж, бөхчүүд давааны урамшууллаа авцгаалаа.

 

3-р тойргийн зарим барилдаан   Бичлэг үзэх