Баззерын барилдаанд өсч яваа аймгийн арслан түрүүлж, үнэн зоригт харцага үзүүрлэв
Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” компанийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр, шилдэг 64 бөхийн энтертаймент барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд дуулиан шуугиан дүүрэн болж өндөрлөлөө. Барилдааны нээлтэн дээр ЕБС-ийн сурагчид Монгол улсын төрийн дууллыг дууллаа. Бичлэг үзэх
Мөн Dance Chance бүжигчид мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээ болон эхний давааны баззер Бичлэг үзэх
Барилдааны тухай яриа Бичлэг үзэх
Барилдааны онцлог нь урилгаар оролцож байгаа бөхчүүд цолны эрэмбээр баззерын тусламжтайгаар барилдах бөхөө сонгосон явдал юм. Оноолтууд ч тун хатуухан таарсныг улсын цолтой 27 бөхөөс 12 бөх нь энэ даваанд унаснаас харж болохоор байв. Барилдаан эхэлж, уран барилдаант улсын харцага Б.Зоригтбаатар аймгийн арслан Ө.Сүхбатаар хамгийн түрүүн эхний даваагаа авсан бол даян аварга Н.Батсуурийг аймгийн арслан Ш.Отгонтөгс хашиж мордон давж, эхний дуулианыг тарив. Удалгүй улсын заан Б.Батмөнхийг “амаргүй” Д.Амарсайхан начин нөгөө л гаршсан гар мэхийнхээ хувилбараас гаргаасангүй. Улсын заан Б.Серик улсын харцага Ш.Пүрэвгарьдыг баззердаж, дотроос нь хагалж өшиглөөд амттайхан даваа авлаа. Харин цэргийн арслан Б.Өлзийсайхан баруун халз хутган, улсын начин Э.Дашийг аваад залав. Улсын начин Э.Сумъяабатын аймгийн арслан М.Эрхэмбаярын толгойг уургалан эргэсэн барилдаан ч үзүүштэй байлаа.
Энэ давааны хамгийн ганган барилдаан мэдээж улсын арслан Р.Пүрэвдагвын даацтай өмсөө мэх байв. Улсын начин Д.Амаржаргал тийм ч амар өрсөлдөгч биш. Гэхдээ л гэнэдсэн үү, яасан даншгийн дархан аваргад дархан барьцыг нь өгүүлчихсэн дээ.Ингээд даваа бүрт олгох уран барилдааны нэгийн давааны шагналын эзнээр Пү арслан тодрон, эхний 500.000 төгрөгийн байг гардсан юм. Энэ давааны төгсгөлд аймгийн начин, сумын заан цолтнуудыг хэн ч баззердалгүй тунаж үлдээсэн нь сонирхол татав.
Барилдааны хоёрын даваад улсын заан Ц.Одбаяр аймгийн заан Г.Мөнхбаярт, улсын харцага Ш.Пүрэвгарьд аймгийн арслан И.Мандахад унасан бол Булганы хоёр начингийн барилдаанд улсын начин Б.Түмэндэмбэрэл үүрэх мэхийг даацтай даамай хийн, энэ давааны тусгай шагналын эзнээр тодорчээ. Давааны төгсгөлд мөн л өмнөх давааны нэгэн адил сумын заан Д.Цэрэнням тунаж, цэргийн заан Ө.Батсуурь арай л илүүрхээд давсан даа.
Гурвын давааны шилдэг 16 бөхийн барилдаан гал ус харшилсан гэхэд болно. Улсын начин Н.Баярбаатар Р.Пүрэвдагва арслангийн толгой гарыг холбож өөртөө ашигтай барьц авсан хэдий ч дээшээ шигшэж сэгсрээд буулгахдаа ялимгүй алдаа гаргасныг хашир арслан юу гэж алдахав. Өндийнгөө ганцхан зайлаад хөнгөхөөн давчихсан. Бахь заан Б.Бат-Өлзий амаргүй начинд барьц харамгүй өгч явсаар сүүлдээ цуцааж, цуцааж хав барьцнаас нуга дарчихсан. Үнэн зоригт харцага ч элдэвлэсээр байгаад Ч.Батчулуун начинг харваж, тахимдаад зай завсар өгсөнгүй. Тэр хурд энэ тэртэй ярих юм алга. Давааны тунаанд амйгийн арслан, цэргийн заанууд үлдэн, аймгийн арслан Ч.Алтангэрэл даваагаа ахиулав.
Дунд шөвөгт Өсөхөө арслан улсын арслан Р.Пүрэвдагвыг, улсын харцага Б.Зоригтбаатар харцага улсын заан Б.Бат-Өлзийг, аймгийн арслан Ч.Алтангэрэл аймгийн арслан Д.Алтанцоожийг, аймгийн арслан А.Энхсаруул аймгийн заан Г.Мөнхбаяр нарыг тус тус давсан. Бүгд л харууштай барилдаан үзүүлсэн. Энэ дотроос үнэн хүчит харцагын мэхээ даацтай, хурдтай хийж байгааг харах үнэхээр урамтай байлаа. Заан харцага хоёр ирэх наадмын том даваанд тунах л байх даа.
Барилдааны их шөвөгт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харъяат, Хилчин спорт хороо, “Нэгдэл” клуб, “Бай хөндий цамхаг” ХХК, “Их богд” дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Увс аймгийн Ховд сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Алсын жим” ХХК, “Алтаргана констракшн” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, аймгийн арслан Л.Энхсаруул нар шалгарсан.
Ингээд энэхүү сонирхол татам барилдааны үзүүр, түрүүнд үлдсэн хоёр бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадрах өглөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэсэн юм.
Тус барилдааны даваа бүрт “Уран барилдаан”-т бөхийг шалгаруулсан бөгөөд эхний даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд улсын начин Б.Түмэндэмбэрэл, гурвын даваанд аймгийн заан Г.Мөнхбаяр нар шалгарч тус бүр 500.000 төгрөгийн шагнал гардсан бол нэг давсан бөх 300.000 төгрөг, хоёр давсан бөх 400.000 төгрөг, гурав давсан бөх 500.000 төгрөг, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2.5 сая төгрөг, үзүүрлэсэн бөх 5 сая, түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардлаа. Мөн үзэгчдийн дундаас 1.000.000 төгрөг, компанийн нэрийн буйдан, супер азтан автомашины азтангуудыг тодруулсан юм. Азтай үзэгчдийн сугалаа Бичлэг үзэх
Ийм нэг үзэх юм ихтэй, ярих зүйл олонтой бага наадам бөхийн өргөөний дэвжээнээ болоод өнгөрлөө. Уламжлалаа, орчин үетэйгээ холбоно гэдэг энэ буюу.
Спортын сэтгүүлч Н.Тамир