426097780_885884766662791_2534114747901541800_n

Плэй-оффын эхний хасагдах шатны цуврал тоглолт-5 /4:1/ IHC Апес 87:84 Налайх Бизон   Тоглолтын тойм үзэх

Энэ улирлын гурван шилдэг тоглогч эгнээнд нь багтсан 2 багийн цувралын ээлжит тоглолт эхэлж, Бизончууд гараагаа тун ч чамбай гүйцэтгэн, эхний үеийг 10 онооны илүүтэй дуусгав. Апесчууд ч зүгээр байсангүй онооны зөрүүг 2-р үед 5, 3-р үед 2 болгож багасгаж чадсан юм. Т.Санчир, С.Тэйлор нар тус бүр 23 оноо цуглуулснаас JR-ийн 14 самбарын үзүүлэлтийг энд тодотгоё.  Налайхын багт хожих боломжууд их байсан ч эсрэг багийн гэнэтийн, үе үе хийсэн шахсан хамгаалалтын эсрэг олигтой хувилбар зурж хэрэгжүүлээгүй нь тэдэнд сөрөг үр дүн авчрав. Багийн ахлагч Ш.Мөнх-Эрдэнийн алдаа 5 болсон нь ч нөлөөлсөн. Нөгөө талд мэдээж К.Уолкерын жинтэй 22 оноог дурдъя. Багийн ахлагчийн өөрийгөө мэдэрсэн, багаа манлайлсан тоглолт, Т.Мэндбаярын зэвүүн хамгаалалт, Ц.Сэргэлэнбаатарын Т.Санчирын эсрэг хийсэн тулсан хашилт, бөмбөг булаалтууд,  Э.Цэрэнбаатарын хэрэгтэй үед авсан оноо, С.Эрдэнэдалайгийн хөлийн ажиллагаа, дасгалжуулагчдын багийн эвсэг уур амьсгал, нөхөрсөг зөвлөгөө энэ багийг хагас шигшээгийн босгыг давахад гол үүрэг гүйцэтгэв. Аан нээрээ К.Уолкерын үеийн төгсгөлийн алсын шидэлт ёстой ангайлгасан шүү. Харин Н.Батбаяр илүү явалт нэлээн хийж,  ганц удаа л холын шидэлтээ унагаав. Энэ алдаагаа дараагийн шатанд засаад, гялалзаад өгөх биз. Гаднын том лигийн утаа үнэрлэж үзсэн хүн байна даа. Апесчууд тойргийн болон эхний хасагдах шатны даваагаа төлөвлөсний дагуу амжилттай давлаа. Одоо тэд чухлаас чухал бас нэгэн давааны өмнө ирлээ. Магадгүй аль хожсон баг нь оргилын дээр тугаа мандуулах магадлал өндөртэй. Ямар ч гэсэн энэ хүртэл мэрийж, хичээж зүтгэн, мундаг өрсөлдөөнийг бидэнд толилуулсан Налайх Бизон багийн залууст, энэ багийн нэг хэсэг болон өрсөлдөөнийг хурцалж өгсөн Тунгалагийн Санчирт талархал илэрхийлье. Холбооноос гаргасан хагас шигшээ тоглолтын хуваарийг хараад, тамирчдыг өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Түрүүлж эхэлсэн багуудын цуврал дуусаагүй байхад дараа нь эхэлсэн багуудын тоглолтыг дуусмагц, дунд нь ганцхан хоногийн амралт өгсөн болоод, хагас шигшээг шахаж явуулж байгааг ердөө ойлгосонгүй. Их, дээд сургуулийн тэмцээн ч ийм шахуу хуваариар явагддаггүй! Хүнээ бодсон, тоглогчдоо хайрласан бодлого үгүйлэгдэж байна. Энэ залуус чинь ямар робот биш дээ. Холбооны эрхтэн дархтангууд шийдвэрээ эргэн харж, жаахан амьдралтай шийдвэр гаргавал яасан юм бэ? Хагас шигшээд түрүүлж шалгарсан багуудыг сайн тоглолоо гэж “шийтгэж” байгаа хэрэг үү?

 

Спортын сэтгүүлч Н.Тамир

 

Багийн ахлагч М.Өлзий-Оршихын яриа   Бичлэг үзэх

Тоглолтын дараах   Хэвлэлийн хурлын бичлэг

 

 

(1)
(1)