Дартсын дэлхийн шинэ аварга Луке Хампрьес
PDC ДАШТ-ий 16 дах өдрийн буюу Аваргын төлөөх шигшээ тоглолт их Британийн шижигнэсэн 2 залуу од Лукенуудын хооронд өрнөв. Өнгөрч буй улирлын туршид хамгийн олон цом цуглуулж, дэлхийн аваргын үеэр дэлхийн чансааг тэргүүлэх болсон Л.Хампрьес түрүүлэх үү? Өсвөр, залуучуудын ДАШТ-д торолгүй төрүүлсэн балчир од Л.Литтлер магнайлах уу? гэдэг асуултыг дартсын спортыг сонирхогч хүн бүр энэ өдрүүдэд бие биенээсээ асуусан нь лавтай. Тоглолт эхнээсээ л хурдтай, өгөө аваатай эхэлж, эхний 6 сетэд 4:2-оор Л.Литтлер хошуучилсан. Харин удалгүй туршлага хуримтлуулж яваа 28 настай Л.Хампрьес өрсөлдөгчийнхөө аргыг олсоор дахиж түүнд сет өгөлгүй эцсийн дүндээ 7:4 гсэн харьцаагаар хожиж, Аваргын нэр хүндтэй цомыг толгой дээрээ өндрөөс өндөрт өргөж чадав. Дүү Лукед тоглолтыг эргүүлэх боломж бүрэн байсан. Захаа алдаагүй бол тооны харьцаа 5:5 болж, тэнцэх эргэлтийн цэгээ тэр алдаж орхисон. Хоёулаа 3 сумны 170 онооны өндөр гарааг хийж, дэлхийн аваргын 180 онооны дээд амжилтыг эвдэцгээж, балчир одын сошиал дагагчийн тоо хэдхэн өдрийн дотор хагас сая хүнээр нэмэгдсэн гээд бичээд байвал бичээд баймаар. Дараа дараагийн том тэмцээний хэдэд нь энэ 2 залуу таарч яаж тоглохыг, дэлхийн дэвжээний босго өндөр тайзан дээр хэн нь хэдэн удаа түрүүлэхийг харах он жилүүд бидний өмнө байна. Шуугиан дуулиан дүүрэн, шинэ аварга, дэд аваргууд тодорсон мэргэжлийн дартсчидын дэлхийн аваргын тэмцээн ийнхүү хөшгөө түр хаалаа.
Спортын сэтгүүлч Н.Тамир
Шинэхэн аваргын яриа Бичлэг үзэх
Аваргын төлөөх шигшээ тоглолтын тойм
Тэмцээнд оролцсон бүх тамирчдын тоглолтын нэгдсэн үзүүлэлтүүд