Д.Багахүү начингийн нэрэмжит барилдаанд Г.Бадрах харцага түрүүллээ

429555001_721848173270908_2909603667245870302_n
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харъяат, улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэж, их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгаран байна. Харин дунд шөвөгт улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин О.Түмэн, Д.Тогтохжаргал, аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлджээ. Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан Д.Багахүү начинд МҮБХ болон ах дүү, хамаатан садан, найз нөхөд, нутгийн олон, үе тэнгийн бөхчүүд нь хүндэтгэл үзүүлэв.
Ирэх бямба гаригт Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харъяат, улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, ням гаригт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумын харъяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.