Завхан, Өмнөговь, Тувагийн бөхчүүд өнгөтэй наадлаа
Өмнөговь аймгийн нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын 2024 оны Улсын аварга шалгаруулах барилдаан Монгол бөхийн өргөө 3 өдрийн турш өрнөл дүүрэн үргэлжилж дүнгээ гаргалаа. Өсвөрийн шигшээ барилдаанд 10 бөх шалгарч, тойргоор барилдсанаас бага буюу 16 насанд Өмнөговь аймгийн Ноён сумын харъяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын заан Отгонбаатарын Сумъяабазар нэг ч уналгүй 9 даваатайгаар торолгүй түрүүлэн, Орхон аймгийн харъяат, Орхон БТСГ-ын бөх Төмөрбаатарын Ган-Эрдэнэ 7 даваа, 2 унаатайгаар дэд байрт шалгарч, нийслэлийн БЗД-ийн харъяат, Баянзүрх БТСГ-ын бөх Цэвээндоржийн Өсөхбаяр мөн 7 даваа, 2 унаатайгаар гутгаар байрт шалгарав.
Энэ насанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Хөвсгөл БТСГ-ын бөх Баярмагнайн Бадмаанямбуу, Хэнтий аймгийн Батноров сумын харъяат, Хэнтий БТСГ-ын бөх Амгалангийн Тайванбат нар ижил 5 даваа, 4 унаатай, Архангай аймгийн харъяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх Бямбадоржийн Буянтогтох 4 даваа, 5 унаа, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харъяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх Эрдэнэбатын Мөнхбаатар 3 даваа, 6 унаа, Архангай аймгийн, Батцэнгэл сумын харъяат, Архангай БТСГ-ын бөх Эрдэнэбатын Батмагнай 2 даваа, 7 унаатай, Ховд аймгийн Булган сумын харъяат, Хан-Уул БТСГ-ын бөх Болдбаатарын Азжаргал нар 2 даваа, 7 унаатай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат, “Тастулек” дэвжээний бөх Бахытжаны Нурайдын 1 даваа 8 унаатайгаар IV-X байрт тус тус шалгарчээ. Уран барилдааны шагнал : Аваргууд академийн О.Мөнхбаатар. Уран гараа, дэвээтэй бөхийн шагнал : Хутагтын хүчтэн дэвжээний Бат-Эрдэнэ
Дунд нас буюу 17 насны шигшээ барилдаанд 10 бөх шалгаран, тойргоор барилдсанаас Тува Улсын бөх Ооржак Максем 8 даваа, 1 унаатайгаар тэргүүлж, Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат, Дархан БТСГ-ын бөх, сумын заан Батсүхийн Мөнхжин 7 даваа, 2 унаа, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат, “Алдар” спорт хорооны бөх Бат-Өлзийн Ганбаатар нар 7 даваа, 2 унаатайгаар гутгаар байрт шалгарсан байна.
IV-X байрт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харъяат, “Аварга” дээд сургуулийн бөх Болдсайханы Энхтөгөлдөр 6 даваа, 3 унаа, Увс аймгийн Хяргас сумын харъяат, “Хурд” дэвжээний бөх, сумын заан Дашнямын Мөнх-Отгон, Баян-Өгий аймгийн Сагсай сумын харъяат, Баянгол БТСГ-ын бөх Еркиний Ховланды нар 5 даваа, 4 унаатай, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, “Эв Монгол” клубын бөх Амартүвшиний Буянжаргал 3 даваа, 6 унаа, нийслэлийн СБД-ийн харъяат, Сүхбаатар БТСГ-ын бөх, сумын заан Жавхланхүүгийн Далайцэрэн, Сэлэнгэ БТСГ-ын бөх, сумын заан Батсайханы Занданбат 2 даваа, 7 унаатай, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, Баянзүрх БТСГ-ын бөх Мөнхбатын Өсөхжаргал нар тус тус оржээ. Уран барилдааны шагнал : БЗД-ийн БТСГ-ын бөх М.Өсөхжаргал, Уран гараа, дэвээтэй бөх : Сэлэнгэ БТСГ-ын бөх Б.Занданбат.
Ахлах нас буюу 18 насны шигшээ барилдаанд шалгарсан 10 бөх тойргоор барилдсанаас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат, Завхан БТСГ-ын бөх, сумын заан Дармаабазарын Нарантулга 8 даваа, 1 унаатайгаар түрүүлэн, Төв аймгийн Жаргалант сумын харъяат, “Алдар” спорт хорооны бөх, Баянмөнхийн Батжаргал 7 даваа, 2 унаатайгаар удаалж, Өмнөговь БТСГ-ын бөх Санжаасүрэнгийн Баярбаатар 6 даваа, 3 унаатайгаар гутгаар байрт шалгарав.
Харин Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат, Орхон БТСГ-ын бөх Цолмонбаярын Цогт-Эрдэнэ, Тува Улсын бөх Намчаа Сугдер нар 6 даваа, 3 унаатай, Дорнод аймгийн Гурванзагал сумын харъяат, Аварга клубын бөх Ариунтуяагийн Дэмүүл, Увс аймгийн харъяат, Увс БТСГ-ын бөх Буянжаргалын Данзанравжаа нар 3 даваа, 6 унаа, Хөвсгөл аймгийн, Рашаант сумын харъяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, Гансүхийн Лхагвадорж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат, Эв Монгол клубын бөх Батхишигийн Бумбацогт нар 2 даваа, 7 унаатай, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харъяат, Аварга дээд сургуулийн бөх, сумын начин Тогоогийн Ням-Очир тус тус шагналт байруудад шалгарсан байна. Уран барилдааны шагнал : БТСУХ-ны Б.Данзанравжаа, Уран гараа, дэвээтэй бөхийн шагнал : Их богд дэвжээний бөх Х.Жамбалдорж.
Энэ жилийн залуучуудын 19-20 насны ангиллын шигшээ барилдаанд мөн 10 бөх шалгарч үлдэн, тойргоор хүчээ үзэн, Завхан аймгийн Баянхайрхан сумын харъяат, Завхан БТСГ-ын бөх, аймгийн начин Батбаярын Сундуйжав 7 даваа, 2 унаатайгаар тэргүүлж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, Эв монгол клуб, Радиатор Сервис ХХК-ийн бөх Довдоны Сумъяабазар, Увс аймгийн Тэс сумын харъяат, Алдартан клубын бөх сумын заан Галдандагвын Цэрэнтогтох нар адил 6 даваа, 3 унаатайгаар хоёр, гуравдугаар байрт шалгарлаа. Энэхүү өрсөлдөөний үр дүнд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, Бөхбилэгт дэвжээний бөх Мөнхбаатарын Баяржавхлан 6 даваа, 3 унаа, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харъяат, Бадрах өглөө нэгдэл клубын бөх, сумын начин Зоригтын Анхбаяр, Баян-Өлгий аймгийн харъяат, “Алдар” спорт хороо, Тастүлек бөхийн дэвжээний бөх Серикбайн Нуртилек, Булган аймгийн Хангал сумын харъяат, “Алдар” спорт хорооны бөх Сайнбаярын Жавхлан нар 4 даваа, 5 унаатай, Архангай аймгийн, Хайрхан сумын харъяат, Бөхбилэгт дэвжээний бөх, Содномжамцын Бат-Эрдэнэ, Увс аймгийн Давст сумын харъяат, Увс аймгийн Давст сумын бөх, сумын заан Цэвэгмэдийн Бямбацогт нар 3 даваа, 6 унаатай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, Аварга дээд сургуулийн бөх, сумын начин Баярдэлгэрийн Баасанчулуун 2 дава, 7 унаатайгаар IV-X байрт тус тус бичигдэв. Энэ ангиллын Уран барилдааны шагналыг Нэгдэл клубын З.Анхбаяр, Уран гараа, дэвээтэй бөхийн шагналыг Их богд дэвжээний бөх Э.Ганбаяр нар гардан авчээ. Багийн дүнгээр “Алдар” спорт хороо, Орхон аймгийн БТСГ, Тува Улсын баг тамирчид шалгарч шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.
Энэхүү барилдаанд бүртгүүлж, бариллсан бөхчүүд болон дасгалжуулагч нарыг өнөөдөр болох Булган аймгийн Сайхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн барилдааныг үнэ төлбөргүй үзэхүүлэхээр болжээ.
Барилдааны тусгай шагналтнуудын гэрэл зургаас