Металлчууд гялалзаж гялтганасаар
Лигийн 2-р тойргийн тоглолт. Бишрэлт Металл 72-67 BCH Гарьд. Тоглолтын тойм үзэх
Плей-оффын тэргүүн байрын төлөө өрсөлдөж байгаа багуудын тулаан эхнээсээ л язганатал үзэлцэв. 1-р үед Гарьдууд тоглолтын санаачилгыг бүрэн авч, 31:16-гаар илүүрхэж дуусгав. Тэгсэн дараагийн үед их идсэний дараа өнж гэдэг шиг тэд 10 минутанд тавхан оноо арай гэж цуглуулсан бол Металлчууд эсрэгээрээ 25 оноо түүцгээв. Ойролцоо тоглолттой багуудын хувьд энэ оноо явсаар тоглолтын хувь заяаг шийдсэн гэхэд болно. Т.Ууганбаяртай бол ёстой юу ярих вэ дээ. Үнэхээр супер тоглогч юм. Багтаа 19 оноо, 3 самбар нэмэрлэсэн. Дундын зайн шидэлт, оролт 8/12. Хурд, үсрэлт, талбайг туулах чадвар, төгсгөлийн тэр том алхам янзтай янзтай. Дээр нь энэ багийн 13 тоглогч талбай дээр хийх ёстойгоо хийцгээж, бүгд оноо авцгаасан. Г.Цэлмэгийн жигд тоглолтыг бас онцолмоор байна. 15 оноо, 3 самбарын үзүүлэлттэй. Нөгөө багаас 8 тоглогч л оноо авч. Э.Дөлгөөн, Б.Болдбатар, Ж.Хеллемс нар багийнхаа дийлэнх оноог бодит болгоцгоосон. Ялангуяа Монхын 16 самбар, тэр дундаа довтолгооны 11 самбар бол аймшигтай үзүүлэлт! Дасгалжуулагч яагаад багийн ахлагч О.Эрдэнэцогтыг 28 минут, төвийн тоглогч Ц.Отгонжаргалыг ердөө 6 минут ашигласан нь сонирхолтой. Эхний хагаст Б.Болдбаатарын тоглолт гайхалтай байсныг ч дурьдах нь зүйтэй. Ингээд улирлын хүснэгтийг Бишрэлт Металл баг итгэл төгс тэргүүлсэн хэвээр үлдэв. Харин BCH Гарьд баг лигийн олон удаагийн аварга, мөнхийн өрсөлдөгч Хасын Хүлэгүүдтэй плей-оффын эхний шатанд таарах уу, арай зөөлөн учраатай таарах уу гэдэг тэдний өөрсдийн үлдэж байгаа тоглолтонд хэрхэн тоглохоос шалтгаална. Тойргийн тоглолт дуусаад, ганц хоног амраад, шууд хасагдах шатны тоглолтууд эхлэх нь дээ.
Тоглолтын дараах Т.Ууганбаярын яриа Бичлэг үзэх
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг