Монгол 0:6 Лаос. Холбооныхон хожигдсон тоглолтоо мэдээлэх дургүй юу?!
Манай баг Азийн 20 хүртэлх залуучуудын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн эхний тоглолтондоо Энэтхэгийн багт 1:4-өөр хожигдсон. Харин 2 дох тоглолтоо эзэн орон Лаосын шигшээ багтай хийв. Гарааны бүрэлдэхүүнээс харахад урагшаа явж, довтолж тоглох нь гэж бодогдохоор байв.
Тоглолт эхэлж, Лаосчууд бөмбөгийг тоглотонд орууллаа. Тэд хоёр ч булангийн цохилт гүйцэтгэсний дараа 5 дах минутанд манай залуус талбайн төвдөө уучлашгүй алдаа гарган, айлын тоглогчид май гээд хойшоогоо уралдуулаад хаяад өгснийг өрсөлдөгчид юу гэж алдах вэ дээ. Хамгаалагчийг нэг дарж, хуураад л гоолдов. 13 дах минутанд довтлогч хурдаар илүүрхэн гарч ирэн тоог 2:0 болголоо.
2-р үе эхлээд 11 дэх минутанд #20 Б.Соджанцан талбайн төвд бөмбөгөө алдсанаар тэр нь эргээд сөрөг довтолгоо болж, нөгөө л хурдаар аархсан байдал давтагдаж, онооны харьцаа 3:0. Тоглолтын 62 дох минутанд зүүн захаар цөмөрч орсон довтолгоо төв рүү дамжуулалт болсноор эзэн багийнхан бэлтгэлийн үеийнх шиг л гоолдоцгоолоо. Энэ гоолоос 4 минутийн дараа дахиад л манай задгайдуу хэнэггүй хамгаалалт, Лаосчуудын нээлттэй довтолгоо тоог 5:0 болгон бүүр холдуулж орхив. Яаж ч тоглоод байгаа юм бэ дээ?! 78 дах минутанд хойноос давуулж өгсөн алсын дамжуулалтыг манайхан тасалж чадсангүй айлын багийнхан мөн л гүйлтээр илүүрхсээр оноог 6:0 болголоо. Ингээд залуус маань 2 дох ялагдлаа хүлээв. Манай баг дараагийн тоглолтоо Ираны шигшээ багийн эсрэг хийнэ. Тэд эхний тоглолтондоо 8:0 гэсэн бөмбөгөөр талбайн эздийг хуурай хожсон. Айхтар л тоглолт болох нь дээ. Шүүмжилж бичвэл асар их зүйл байна энэ удаадаа ингээд дуусгая. Гол нь холбооны нөхдүүд яагаад шигшээ багийнхаа олон оноогоор хожигдсон тоглолтынхоо талаар олон нийтэд мэдээлэл хүргэдэггүй нь хачирхалтай. Ялагдал хожигдол гэдэг спортын нэг хэсэг нь. Уул нь яасан ч байсан дэмждэг үзэгчид нь байгаа юмсан. Ер нь нуугаад ч яах юм…
Тоглолтын тойм үзэх :
[embedyt] https://www.youtube.com/watch?v=2b87QAbyYM8[/embedyt]
Бүтэн тоглолт үзэх :
[embedyt] https://www.youtube.com/watch?v=0Tk9V4GMDnY[/embedyt]