Волейболынхон мөсөн ордны мөсийг хайлуулах нь
МВХ-ны үндэсний дээд лиг. Эрэгтэй баг. Аваргын төлөөх тоглолт-1. Натур Мед Толун-Өмнөговь Шанх Транс 3-0 /25:21 25:22 27:25/
Аваргын цом, алтан медалийн төлөө өрсөлдөж байгаа 2 хүчирхэг багийн тоглолт хэдийгээр 3 үе тоглосон ч үнэхээр үзүүштэй өрнөж, үзэгчийг байлдан дагуулж, тэдэнд сэтгэлийн цэнгэл эдлүүлж чадав. Эхний үед тооны зөрүү 4, дараагийн үед 3, шийдвэрлэх 3-р үед 2 болтол багассан нь ч тоглолтын хэмнэл ямархуу өндөр түвшинд байсныг илтгэнэ. Шийдвэрлэх үед онооны харьцаа 27:25 хүрч байж ялагч тодорсон. Ийнхүү Натур Мед Толун баг цувралын эхний хожлоо авч, тус багийн түлхүү тоглогч Т.Хангал багтаа 19 авчирч, шилдэг тоглолтоо үзүүлэв. Эмэгтэй баг. Аваргын төлөөх тоглолт-1. Хөвсгөл Эрчим-Хилчин /3-0 25:16 25:17 25:23/
Эрчмийнхэн эхний 2 үед эрчтэй байж, өрсөлдөгчөө олон оноогоор илүүрхсэнм бол 3-р үед Хилчингүүд хилийн шугамд ойрхон хамгаалж оноог ойртуулсан хэдий ч эцсийн мөчид Хөвсгөлөөр овоглосон баг тэдэнд боломж өгөлгүй хожил авав. Тоглогчдоос хашир мастер Г.Цэцэгжаргал онцгой байж, багийнхаа хожилд 17 оноо нэмэрлэжээ.
Гэрэл зураг : Монголын Волейболын Холбооны пэйж хуудас