Отгон гарьдын шинэ цолтойгоо Бөхийн өргөөнд авсан анхны түрүү
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өрсөлдөөн дүүрэн, үзэгч олонтой болж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын гарьд Ц.Бямба-Отгон түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, “Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил констракшн”ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл клуб”, “Их Богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарчээ. Дунд шөвөгт улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Ш.Дарханбат, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдсэн байна. Онцлох барилдааныг дурьдвал аймгийн арслан М.Баяржавхлангийн дөрвийн даваанд улсын аварга О.Хангайг мордох мэхээр давсан бол тавын даваанд улсын заан Б.Бат-Өлзий сугадаж, шуудагнаас татан, улсын харцага Б.Зоригтбаатараас Даншиг наадмын даагаа нэхэв. “Монгол бөхийн өргөө”-д болох дараагийн барилдаан 11-р сарын 18 нд “Нээлттэй Сэлэнгэ түмэн” өдөрлөгт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, ням гаригт сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар үргэлжлэх юм байна.