Хурц харцага залуу аваргатай харгүй сайхан барилдав
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх, аймгийн арслан Сампилын Лувсангомбо, аймгийн арслан Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдааны түрүү үзүүрт Ховд аймгийн Буянт сумын харъяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар нар үлдэв. Аварга харцага хоёрын барилдаан бөхийн өргөөнд хуран цугласан олны мэлмийг баясгаж, ёстой л нэг дэвжээ хотойтол барилдацгаав. Барилдааны төгсгөл рүү хав золгооны барьцнаас харцага таллаж хөнтөрч татан, аваргыг нэлээн тэнцвэр алдуулаад алдлаа. Ерөнхийдөө аварга тулдаа л буурь заан үлдсэн гэхэд болно. Харин дараагийн хав золгооноос залуу аварга шуудагнаас бярдаж түрээд, өргөөний 31 дэх түрүүгээ хүртэв.
Их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н. Золбоо нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын харцага С.Сүхбат, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан М.Еркебулан, аймгийн арслан Э.Баасанжав нар үлдсэн байна.
Тус барилдааны “Улсын цолонд ойрхон бөхийн шагнал”-ыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат, аймгийн арслан Т.Довчинсэмбээд, “Уран барилдаантай бөхийн шагнал”-ыг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харъяат, сумын заан А.Амархүүд тус тус олгосон юм. Зохион байгуулагчдын зүгээс түрүү бөхийг 5 сая, үзүүр бөхийг 3 сая, дөрөвт үлдсэн 2 бөхийг тус бүр 1.5 сая төгрөгөөр байлжээ. Мөн Тогтохын Сампилын гэр бүл, үр ач нараас барилдсан нийт бөхчүүд, жаяг дэгийн багийнханд гарын бэлэг гардуулав. Барилдааны бүтэн бичлэг үзэх
Дараагийн барилдаан 2-р сарын 26-ны даваа гарагт Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаануудаар үргэлжлэх болно.