Эрдэнэт Майнерс 67:62 Бишрэлт Металл. Тэнүүн-Өлзий Металл баг нэрэндээ өөрчлөлт оруулжээ. Өнгөрсөн улирлын аваргын төлөө тулсан 2 багийн тоглолт хүлээлт ихтэй байлаа.  Өмнө нь тойргийн болон шигшээ тоглолтонд 7 удаа таарахад бүх тоглолт үзүүштэй байсан. Ихэнхдээ Металлчууд шийдвэрлэх 4-р үеийн төгсгөл дээр алдаа гаргаж хожигдож байсан. Энэ жилийн хувьд Пендарвис Уилльямс аваргаа хамгаалахад багтаа туслахаар эргэн ирж, эхний тоглолтондоо 38 оноо! авав. Цом өргөснөөсөө хойш залгуулаад энд бэлтгэлээ базаасан тоглогч шиг л тоглов, гайхуулав, хожив. Багийн бусад тоглогчид нийлээд 29 оноо шүү. Тэр нэг их гоцолж тоглоод байгаагүй. Талбайн хаана хэрэгтэй байна тэнд үүргээ төгс гүйцэтгэдэг тоглогч учраас л тэр. Манайд бол сайхан идээшиж яваа сайн легионер тоглогч. Д.Дэлгэрням, О.Энхбаатар нар 3х3 төрлийн тэмцээнээсээ ирэнгүүтээ талбайд гарсан. Мэдээж ядралт ихтэй л байгаа. Т.Ууганбаяр болон 2 багийн залуус зун, намаржин бэлтгэл, олон улсын  том тэмцээнүүдэд маш ачаалалтай тоглосон. Бидэнд харагдахгүй, нүдэнд анзаарагдахгүй олон хүнд ачааг тамирчид дотроо тээж явдаг юм.  Металлчуудаас тоглолтын эхлэлийг Б.Сүхбат тун дажгүй тавьж, 18 оноо авсан. Дундын зайнаас 5/5 буюу 100%-ийн гүйцэтгэлтэй. З.Энхтөрийн тоглолт ч давгүй, давгүй. Шинэ легионер Jahlil Tripp NCAA-гийн дивизион-1-д 3 жил тоглосон. NBA G League-гийн Memphis Hustle, Maine Celtics, College Park Skyhawks багуудад тоглож байсан туршлагатай тоглогч аж. 11 оноо цуглуулсан. Богино хугацаанд тэсэрвэл тэсэрчих, бас л олон талтай тоглогч санагдав. Багийнхаа системд ороод эхэлбэл эвгүйтүүлэхээр л юм байна.