Сайхан тоглолтоос сэтгэл ханамж авна гэдэг спорт сонирхогч бидний жаргал юм даа

406917602_846254823959119_2031128798667588578_n

Лигийн тэмцээний 1-р тойргийг өнгөрсөн жилийн аварга багууд торолгүй хошуучилж явна. Аль баг тэдний хожлын цувралыг зогсоох бол? Эмэгтэй багуудын 2-р тойргийн эхний тоглолтууд эхэлсэн. Одоогоор Улаанбаатар Амазонс баг 6 хожил нэг ч ялагдалгүй, тэдний араас Хасын хүлэгүүд, Ховд Чандмань багууд нэхсээр. Эрэгтэй багуудын хувьд сүүлийн тоглолтондоо мөнхийн өрсөлдөгч BCH Гарьд багийг буулган авсан Эрдэнэт Майнерсчууд 11 тоглон, 11 хожсон амжилттай хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна. Энэ тоглолтонд ах дүү Эрдэнүүд гялалзаж гялтганан багаа хожилд хөтөлсөн. Би буруу тооцоогүй бол өнгөрөгч улирлаас хойш 22 тоглолт хожигдолгүй цуврал! Цомын эздийн хойноос эрч хүчтэй IHC Апес, бүрэлдэхүүн зузаан BCH Гарьд багууд 9 хожил, 2 хожигдолтой шил дарж, эхний тойргийн тоглолтоо ганцаараа дуусгасан өнгөрсөн жилийн дэд аварга Бишрэлт Металлынхан 8 ялалт, 4 хожигдолтойгоор түр амсхийх боломжтой болов. 1-р тойргийн үлдсэн тоглолтууд маргааш эхлэх бөгөөд эдгээр тоглолтууд, мөн 2-р тойрог тэр чигтээ багуудын плэй-оффын байрлалын төлөөх дажин болох нь эргэлзээгүй юм. Хүснэгтийн тэг дунд яваа 6-7 баг, магадгүй сүүлд яваа багууд хожил аваад эхлэх юм бол 5-р байраас хойших бүх багууд энэхүү цусгүй тулаанд татагдан орцгооно. Энэ сарын дундуурх түр амралт, шинэ оны эхний сарын шахуу хуваарьтай нягт тоглолтууд, 2-р сарын шигшээ багийн цугларалт, тоглолттой холбоотой удаан хугацааны амралтууд баг тамирчдыг их л сорих бололтой. Хамгийн гол нь тамирчдаас бэртэл, гэмтэл л хол байгаасай. Сайхан тоглолт үзээд, түүнээсээ сэтгэл ханамж авна гэдэг спорт сонирхогч бидний жинхэнэ жаргал юм даа.

Спортын сэтгүүлч Н.Тамир