Тэнгэрт хоёр нар мандсан тэртээх 1993 он

430979326_3618441051752984_1353927814953135282_n
1993 онд болсон нэр дэвшигчдийн тэмцээний шигшээ тоглолтонд Найжел Шорт Ян Тимманыг хожин Г.Каспаровтой дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх эрхээ халаасласан. Гэвч ДАШТ-ий зохион байгуулалтын тал дээр санал зөрөлдсөний улмаас тухайн үеийн дэлхийн аварга Гарри Каспаров, нэр дэвшигч Найжел Шорт нар ФИДЕ-гээс салан тусгаарлан шинэхэн байгуулагдсан мэргэжлийн шатрын холбооны ивээл дор дэлхийн аваргын тоглолтоо хийсэн. Үүний хариуд дэлхийн шатрын холбоо бослого гаргасан Г.Каспаровын цолыг хурааж, Г.Каспаров, Н.Шорт нарыг ФИДЕ-гийн рейтингийн жагсаалтаас түр хасч, Анатолий Карпов болон нэр дэвшигчдийн тэмцээний дэд аварга Ян Тимман нарын хооронд дэлхийн аварга цолны төлөөх тоглолт хийсэн. Дүрмийн дагуу Г.Каспаров Н.Шортыг буулган авч мэргэжлийн дэлхийн аварга, А.Карпов Я.Тимманыг хадан гэр рүү нь явуулж ФИДЕ-гийн дэлхийн аварга цол хүртэн хоёр дэлхийн аварга нэг нарны дор тодорч, газарт хоёр хаан тэнгэрт хоёр нар оршиж болдгийг нотолсон. Шатрын ертөнцөд үүссэн энэхүү хагарал 13 жилийн дараа эдгэж, 2006 онд мэргэжлийн дэлхийн аварга Владимир Крамник, ФИДЕ-гийн дэлхийн аварга Веселин Топалов нарын хооронд дахин нэгдэх тоглолтоор эцэслэн шийдэгдсэн түүхтэй. Ийнхүү энх тайван цаг 2006 онд ирсэн бөгөөд Владимир Крамник албан ёсны дэлхийн аварга цол хүртсөн бөлгөө.
Эх сурвалж : Харуул Харуул