Түүний шулуун цохилт хүчтэй байсан хэдий ч ялагдал хүлээв

Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн ЭНХЖАРГАЛ 1/4 шигшээ буюу олимпын наадмын хүрэл медалийн төлөөх тоглолтоо Туркийн боксчин Акбас Хатичетай хийлээ. Манай тамирчин урагшаа тэмүүлсэн задгай тоглолт хийсэн бол өрсөлдөгч нь аль болох өөрийн зайдаа оруулахыг эрмэлзэж, М.Энхжаргалын шулуун цохилтыг займчуулж өнгөрүүлээд, угтуулсан цохилт хийн, бас ухрангаа оноо түүх тактикыг сонгосон нь үр дүнгээ өгөв. Эхний үе 1:4. Дараагийн үе дээр арай илүү тоглочихов уу гэтэл дахиад 1:4. Ингээд ерөнхийдөө тоглолтын үр дүн тодорхой болчихов. 2-р үе дээр ядаж 2:3 баймаар, бүүр манай талд 3:2 ч байж болохоор. Гэхдээ шалтаг тоочоод хэрэггүй биз. Үнэхээр л илүүрхэхгүй, унагаахгүй, торгуулахгүй л бол боксын шүүлт угаасаа маапаантай байсаар ирсэн. 3-р үед шүүгчдийн өгсөн оноо бүүр дордсон. Нийлбэр дүн 0:5! Нүдээ аниад урагшаа тэмүүлэх биш, өрсөлдөгчийнхөө тоглолтонд тааруулан тоглолтоо хийж чадсангүй гэж харагдав. Уул нь Турк тамирчин амархан сульдсан. Харин овжин тоглосон. Эхний 2 тоглолтондоо дэлхийн медальтнуудыг нурааж, дэлхийн аварга цолтонтой ач тач үзэлцэн, олимпын медалийн тавцангийн өмнө ирж чадсан нь бахархууштай. Гэхдээ?! Монголын боксын спортынхны өмнө маш их асуудал байна. Хамгийн түрүүн холбооны засаглал, дасгалжуулалтын арга барилаа сайжруул, шинэчил! Олимпийн медальтнууд нь тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхий дасгалжуулагч хийгээд ч нэмэр алга. Эрэгтэй тамирчид нь олимпын наадмыг өнжсөн, медальгүй буцаж ирсэн бараан түүх үлдлээ. Хэн хариуцлага хүлээх вэ? Зүгээр л урьдын адил чимээгүй энэ бүхэнтэй эвлэрээд сууцгаах уу?

 

Спортын сэтгүүлч Н.Тамир

Гэрэл зургийг Ч.Ганбат