Түүхээ мэдэж аялъя Манзуширын хийдээр зочлоорой
Төв аймгийн Зуунмод хотоос хойш 7 км-т орших тус хийд нь музей төдийгүй түүх соёлын үнэт өв, байгалийн үзэсгэлэн цогцолсон газар тул гэр бүлээрээ цэвэр агаарт аялахад нэн тохиромжтой. Цэцээ гүн оргил өөд алхах зам ч тус хийдээс эхэлдэг. Манзушир хутагтын нэгэн шавь Утай гүмбэн явж суралцмаар байгаагаа багшдаа хэлтэл багш нь түүнийг явуулахдаа тухайн газрын барилга байгууламж, ном хурдаг жаяг, байгаль орчныг нь сайн судалж мэдэж ирэхийг аминчлан захьжээ. Шавь нь эргэж ирэхдээ манай хийд бол ар Утай юм байна гэсээр иржээ. Учир нь хийдийн байгалийн үзэсгэлэн нь Утай гүмбэнтэй эн төстэй, ном уншлага нь эн зэрэгцэхүйц байсан байна. 1937.10.04 нд VI Манзушир хутагтыг хэлмэгдүүлэн цаазаар авч, хийдийг галдан шатаажээ. 300 гаруй жилийн түүхтэй энэ газарт оюун ухааны энерги оршсон гэж үздэг учир одоог хүртэл сүсэгтэн болоод аялагчдын хөл хөдөлгөөн тасардаггүй. Хийд рүү дөнгөж ороход Хүннүгийн үеийн булш, хиргисүүрүүд харагдана. Энд намар эрт сэрүүсч, хавар хожуу дулаардаг байгалийн өвөрмөц зүй тогтолтой. Цасан бүрхүүл удаан хугацаагаар хайлдаггүй учир Сибирийн жодоо мод хүртэл төгөл болон ургасан байдаг. Эргэн тойрны байгалийн хад чулуун дээр нууц тарни, маанийн үсгүүдийг сийлсэн байх бөгөөд энэ бүхний хүчээр оюуны их эрчим хуримтлагдаж байдаг гэж үздэг байна. Манзуширын хийдийг анх 1733 онд Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан бариулж, суурийг нь тавьжээ. XIII зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулаас ус татаж, хиймэл нуур үүсгэж байсан ч одоо үгүй. Харин Цэцээ гүнээс эх авч урсдаг нарийн гол дээгүүр гүүр тавьсан нь өдгөө Зуунмодны гол. 1760 онд Бадамын дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг нэмэн барьж цаашлаад Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна. Одоо эдгээр хийдийн тууриас тод үлдсэн нь хийдийн гол цогчин дуган, Цандивын болон Сэрсэмийн дуганы туурь. Мөн Сэрүүн лаврингийн яг ард байрлах 1733 онд Ар халхын II Манзушир хутагт Агваанжамбалданзан ламтан шавыг нь тавьж, 1747 онд бариулсан, олонд Өвгөн Лаврин гэж алдаршсан Буянзалбирагч сүмийн туурь. БНМАУ-ын СНЗ-ийн дарга Ю. Цэдэнбал 1969 онд тус хийдтэй танилцаж явахдаа Манзушир байгалийн музейг барьж байгуулахыг үүрэгдсэнээр 1973 онд ашиглалтанд орсон барилга өдгөө бий. Тус музейд МУСГЗ зураач, барималч Д. Шагдарсүрэнгийн 1970-1985 он хүртэл байгалийн хог хаягдлыг ашиглан хийсэн бүтээлүүд, тус музейн чихмэлч Л. Цэвэл, түүний шавь нарын хийсэн үзмэрүүд бий. Энэ музейгээс Богд хан ууланд амьдардаг ан амьтан, шувууд, ургамал бүгдийг үзэж болно. Байгалийн музейгээс дээш 800 метр хэртэй газарт 1992 онд сэргээн зассан Манзушир хутагтын зуны өргөө, одоо шашны музей болсон Сэрүүн лаврин байх бөгөөд энд VI Манзушир хутагтын хөрөг, цамын цаасан шуумал багууд, бурхад, ном судрууд хамгийн сонирхолтой нь германы эрдэмтэн Г. Шульцын 1920 онд авсан тус хийдийн зургийг үзэх боломжтой. Хийдийн арын уулсын хадан дээр II Манзушир хутагтын үеэс эхлээд 1910 он хүртэл бүтээгдэж ирсэн бурхадын зураг, төв аймгийн нутгаас олдсон хүн чулуун дурсгалууд, Түрэгийн үеийн дурсгалууд, Богд хаант Монгол улсын үеийн сүм хийдийн барилга, архитектурын шийдлийг харуулсан дурсгалууд бий. Мөн одоогоор Монгол улсад бүртгэгдсэн хамгийн том тогоо тус хийдийн хашаанд байдаг. Үүнийг Туулын гүний хүрээ буюу Их хүрээнд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү арвуулаа нийлж урласан түүхтэй. Нэг удаадаа 1000 ламын хоол бэлтгэж болдог энэ тогооны амсар нь 215 см, гүн нь 140 см, багтаамж нь 1800 литр, хүнд нь 2 тонн бөгөөд дотор нь нэг дор хоёр шарын мах буюу 10 гаруй хонины махыг чанаж болдог. Ингэхийн тулд дөрвөн тэрэг түлээ түлдэг байжээ. Харамсалтай нь уг тогоо олон хүний гарын ая, саваагүй зангийн уршгаар сэтэрсэн бөгөөд цуурах аюултай болжээ. Тогооны дээд хэсэг гууль, доод хэсэг нь давтмал зэс бөгөөд ерөнхийд нь хүрэл тогоо гэдэг. Монголд төдийгүй дэлхийд гайхагддаг энэ тогоо хэмжээ, ур хийцээрээ давтагдашгүй төдийгүй дээр нь бичиж үлдээсэн одоо ч арилаагүй бичээс. Жалбуу дархан тогоог урласан он сар өдөр, бүтээхэд оролцсон үр ач нар, өөрийн нэр зэргийг хуучин монгол бичгээр сийлж үлдээжээ. Манзуширын хийд лам нараас гадна 100 гаруй хүн ам бүхий 600 орчим айл өрх дагуулсан Монголын дөрвөн том хийдийн нэг байв. Энгийн ардууд нь хүртэл Их хүрээний урчуудаас дутахааргүй чадварлаг дархчууд, оёдолчид, сийлбэрчид, зураачид байсан ба тэдгээр хүмүүсийн нэг нь Манзушир хутагтын шавь, уран дархан Дагва гэгч 1907-1911 онд Сандуйн жүд буюу Нууц хураангуйн үндэс, Доржзодва буюу Очроор огтлогч хэмээх судруудыг цалин цагаан мөнгө, шижир алтаар бүтээж, есөн эрдэнээр чимэглэсэн нь өдгөө Үндэсний номын сангийн хосгүй үнэт бүтээлийн нэгд тооцогддог юм. Манзушир хутагт өөрийн гэсэн үр хүүхдүүдтэй ба харьяат айл өрхийнхөө хүүхдүүдийг нэр дээрээ өргөн авч хүн болгох агаад хүү төрвөл сайн дархан болоорой хэмээн бэлгэдэж баруун мөрөн дээр нь алх дөш, охин төрвөл үйлэнд уран болоорой хэмээн зүүн мөрөн дээр нь зүү утасны хэлбэртэй мөнгөн чимгийг Дагва дарханаар хийлгэн зүүж өгдөг байсан гэдэг. Манзушир хутагт эрдэм номд төгс гэгээрсэн нэгэн байсан бөгөөд насан эцэслэх хүртлээ хийддээ амьдарч, Аграмба цол хүртэж, Богд хаант засгийн үед 64 хоног төрийн сайдын алба хашиж байгаад Д. Бодоод хүлээлгэн өгсөн гэдэг. Түүний үед хийд нь таван дацантай /одоогоор ЕБСургууль/ шашны бүх зэргийн цол хэргэм олгох шалгалтыг зохион байгуулах эрхтэй байв. 1917 онд хийдэд Майдарын цам харайх түүхэн үйл явдал болсон нь гэрэл зургаар батлагдсан бөгөөд Манзуширын музейд бий.