Урагшгүй холбооны удирдлагуудаас болж Улс үндэстнээрээ олон улсад шившиг болсоор байх уу?

HB 2024 AA U20 MGL 1-18

Монголд болж бүтэж байгаа гэгээлэг зүйл их бий ч зарим салбарт болж бүтэхгүй, утгаа алдсан байдал хэрээс хэтрээд удаж байна. Ялангуяа спортын салбарт! Юуны тухай гэдгийг спортынхон, тэр дундаа хөл бөмбөгийн хүрээнийхэн маш сайн мэдэж буй. Саяхан Лаос Улсад хөл бөмбөгийн 20 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд болж, манай шигшээ баг Энэтхэг, талбайн эзэд, Ираны багуудад 1:4, 0:6, 0:8 гэсэн 3 том ялагдал хүлээн, оруулсан алдсан бөмбөгний харьцаа 1:18! Энэ тэгээд хөгжил үү? Талбай дээр эх орныхоо нэрийн өмнөөс чадлаараа тэмцсэн залуусыг энд буруутгах гэсэнгүй. Харин 1997 оноос хойш бүтэн 27 жил AFC, FIFA гэдэг олон улсын холбоодоос тасралтгүй авч ирсэн асар их хэмжээний санхүүжилтын үр дүнг холбооны үе үеийн эрх баригчдаас шахаж, шаардах цаг аль хэзээ болсныг сануулах гэсэн юм. Ойролцоогоор 20.000.000 ам.долларын санхүүжилтыг МХБХ-д “Монгол Улсад хөл бөмбөгийн спортыг хөгжүүл” гэж олон улсын холбоод өгсөн, манайхан авсан. Бага мөнгө биш шүү. Гэтэл энэхүү санхүүжилтээр холбооны улс төржсөн удирдлагууд яг юу хийж бүтээв? Ер нь энэ холбоонд гэрэл гэгээтэй зүйл байна уу? Аль эсвэл би бээр олж харахгүй байна уу? Аливаа зүйлд сэтгэл, зүтгэл, бодлого дутахаар урууддаг, өнхөрдөг, уулын бэлд очоод дэлбэ үсэрдэг. Ийм л зүйл Монголын Хөл бөмбөгийн Холбоо гэдэг байгууллагад, удирдлагад нь болоод байна. Алийн болгон урагшгүй холбооны удирдлагуудаас болж, улс үндэстнээрээ олон улсад шившиг болж, муухай харагдацгаах ёстой гэж? Ид үедээ яваа залуусын урам зоригийг ч мохоож дууслаа. Одоо болоо юм биш үү?!

 

Спортын сэтгүүлч Н.Тамир