Ганц дайчин ганцаардсангүй

Албани Улсын нийслэл Тиран хотноо болсон бөхийн чөлөөт барилдааны 23 хүртэлх насны ДАШТ-нд Монгол Улсаа төлөөлөн ганцаараа оролцсон залуу бөх Батхуягийн Мөнх-Эрдэнэ урамтай сайхан барилдаж, дэлхийн дэвжээнээс хүрэл медаль авсан гэрэл гэгээ дүүрэн мэдээг та бүхэндээ уламжилья. Тэрээр эхний даваанд гоц мөргөж, дараа нь Украины Георгий Казанжиг 9:2 оноогоор, Энэтхэгийн Шубхамыг 13:2 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт 2022 оны Европын АШТ-ий хүрэл медальт Армений Манвел Хнзрцянтай өрсөлдөж, 3:13 оноогоор ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Германы Никлас Стечелег 7:5 оноогоор ялсан. Б.Мөнх-Эрдэнэ “Төгс дэвжээ”-д харъяалагддаг бөгөөд дасгалжуулагч нь ОУХМ М.Баярсайхан юм. Багш шавь хоёрт баяр хүргэе.