Аварга арслангууд түрүүлж, үзүүрлэсэн Нутгийн буян группийн барилдаан

Монголд барилгын салбар үүсч, хөгжсөний 98 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит намрын нээлтийн улс, аймаг,цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө уран гоё барилдаанууд ихтэй, үзэгч олны алга ташилтын өрнөлтэй амжилттай болж өндөрлөв. Барилдаанд улсын аварга 1, арслан 2, заан 3, харцага 9, начин 15, нийт улсын цолтой 30 бөх, аймгийн арслан цолтой 48 бөх зодоглосон нь хэр чансаатай барилдаан болсныг илтгэнэ.
Нэгийн даваанд улсын цолтнуудаас улсын начин Ш.Дарханбат, Х.Оргилболд, залуу начин Б.Сосорбарам нар өвдөг шороодсон бол хоёрын даваа нэлээн халгаатай болж, улсын заан Б.Бат-Өлзий Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул аймгийн заан Б.Адъяарагчаад, улсын харцага Н.Золбоо Увс аймгийн Малчин сумын уугуул, аймгийн заан Т.Батсүрэнд, улсын харцага А.Цацабшир Булган аймгийн Сайхан сумын уугуул, аймгийн заан Б.Бат-Эрдэнэд, улсын начин Н.Мустафа Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын уугуул, “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” группийн бөх цэргийн арслан Б.Өлзийсайханд, улсын начин Б.Ганхуяг Баянхонгор амйгийн Баянлиг сумын уугуул, аймгийн арслан Ч.Алтангэрэлд, улсын залуу начин Э.Сумъяабат Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул аймгийн арслан Б.Түвшинтөгсөд, улсын начин О.Түмэн Ховд аймгийн Мөст сумын уугуул, аймгийн арслан Ц.Төмөрцоожид, улсын начин Б.Баянмөнх Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, аймгийн арслан Э.Баасанжавд тус тус унав. Барилдааны гурвын даваанд улсын аварга, арслан, заанууд алдар цолоо дуудуулж, цугласан бөх сонирхогчдын хийморь лундааг сэргээлээ.
[embedyt] https://www.youtube.com/watch?v=oA44AjiX-qY[/embedyt]
Энэ даваанд улсын отгон заан С.Сүхбат өмнөх даваанд улсын харцага А.Цацабширыг давсан хурдтай, гялалзуур барилдаантай аймгийн заан Б.Бат-Эрдэнийг амлаж барилдаад барсангүй. Мөн улсын харцага Э.Даш, улсын начин Д.Амарсайхан, Т.Дүгэрдорж, Б.Лхагвадорж нар учраагаа илүүрхэж чадсангүй. Дөрвийн даваанд улсын арслан, заан, харцагууд ээлж дараалан өвдөглөж, өндөр харцага гурван ижил цолтноосоо ам авснаар хоёр нь хорондоо тунав. Тавын даваа буюу дунд шөвөгт улсын харцага Э.Ууганбаяр, улсын начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдсэн.
Харин аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр л тунааны барилдаанаас даваа салгаж, аймгийн цолтнуудаас ганцаараа их шөвгийн дөрөвт шалгарсан.
Зургаагийн даваанд аварга харцагыг, арслан аймгийн арсланг амлан давж, улмаар энэ өдрийн барилдааныг магнайлсан хоёр хүчтэн түрүү булаалдсанаас Ховд аймгийн Буянт сумын харъяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, Зорчигч тээврийн нэгтгэл, “Эм Жи Өү транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай ураатай, элдэвтэй арслангийн хөдөлгөөн, хөлийн гишгэдлийг нь анаж байгаад ганцхан хавсраад түрүүлсэн бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул, “Нутгийн Буян” групп, “Барилга инженерийн цэргийн удирдах газар”, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв. Дөрөвт Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Хангайн Ган Эрдэнэ” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадрах Өглөө” ХХК, “Өсөх Зоос” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарчээ.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй “Нутгийн буян” групп үзэгчдийн дундаас гурван азтанг тодруулж, тус бүр нэг сая төгрөг гардуулсан бөгөөд түрүү бөхийг 10 сая, үзүүр бөхийг 6 сая, дөрөвт үлдсэн бөхчүүдийг тус бүр 3 сая, наймд шалгарсан бөхчүүдийг тус бүр 1 сая төгрөгөөр байлав.
Мөн “Нутгийн буян” групп өөрийн нэрэмжит барилдааныг тохиолдуулан тус компанийн бөх, энэ жилийн баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Т.Довчинсэмбээд “Хаппи Ресиденс” хотхонд хоёр өрөө байр бэлэглэснийг группийн ерөнхий захирал, Гавьяат барилгачин Л.Бат-Орших гардуулсан юм.