Аваргуудын айхтар тулаанаар 4-р тойрог өндөрлөж, өнөөдөр дараагийн тойрог эхэлнэ

Дээд лиг. 4-р тойрог. Улирлын тоглолт-20. SP Falcons FC 3 : 1 ERCHIM FC  Эхний 3 тоглолтонд хоёр ч ялагдал хүлээсэн лигийн отгон аваргууд болон хүснэгтийг тэргүүлэгч лигийн олон удаагийн аваргуудын хооронд ширүүхэн тэмцэл өрнөх нь легионер тоглогчдоо тултал гаргасан багуудын гарааны бүрэлдэхүүнийг харахад л ойлгомжтой байв.

 

 

 

Тоглолтын 5 дах минутанд эхний гоол орсон. Фалконсын зүүн талын хамгаалагч #7 М.Батхишиг рүү чиглэсэн алсын дамжуулалтыг өгөх үед Эрчимийнхэн хоорондоо ойлголцоогүйн улмаас эсрэг багтаа бөмбөг бэлэглэж орхив. Хаалгачийн өмнө гурвын гурван хамгаалагч байсан ч яаж ч чадсангүй. Харин хоёрхон минутийн дараа хур туршлагатай аваргуудын талбайн төвөөс эхэлсэн язганасан довтолгоо явсаар #22 Коү Готоү гоол болгосон. Ийм гоё хурдтай, техниктэй хөл бөмбөгийг үзэх ч бас сайхан л даа. Ингээд тоо 1:1 болж тэнцсэн. 1-р үеийн төгсгөлд тоглолтын хувь заяаг шийдсэн 2 бөмбөгийг шонхорууд оруулсан. Эхлээд 42 дах минутанд #9 Жансерикийн уралдуулсан холын дамжуулалтаар довтлогч #99 Б.Намсрай, дараа нь үеийн цаг дуусахын өмнөхөн Эрчим багийн хамгаалагчид зүүн жигүүртээ алдаа гарган, бөмбөгөө алдсанаар #22 Крушевац 20 орчим метрийн зайнаас хөнгөхөөн эргүүлж цохиод гоолдов.

 

 

Хоёр багийн тоглолт аргагүй л аварга багуудын тэмцэл гэсэндээ өгөө аваатай, өрсөлдөөн өрнөл ихтэй болж, отгон аваргуудын 3:1 гэсэн ялалтаар өндөрлөв. Лигийн бүх багуудын тоглолтоос ажиглахад легионер тоглогчдын тэсрэлттэй гүйлт, бөмбөг эзэмших чадвар, талбайг харах мэдрэмж тэс өөр харагдах юм. Багаасаа системтэй хичээллэсний үр дүн юм даа.

 

 

 

 

Бүтэн тоглолт үзэх :

 

 

Тоглолтын гэрэл зургаас

 

 

Тэмцээний явц, мэргэн буучид, гоолын дамжуулалтын шилдгүүд :

 

 

5-р тойргийн тоглолт Deren FC  болон ТӨВ Азарганууд Хөлбөмбөгийн КЛУБ тоглолтоор эхэлнэ.

 

 

 

 

Mongolian Premier League