Аваргууд арай гэж бүтэн оноо салгав

Монголын Премьер лигийн 13-р тойргийн тоглолт. Брера Илч 1:3 Улаанбаатар. Тун сонирхолтой тоглолт өрнөсөн. Өнгөрсөн улирлын аваргууд 8 тоглогч шигшээ багт дуудагдаж, нөхөрсөг тоглолтуудад оролцсон болохоор дасгалжуулагч В.Бралушич хэд хэдэн гол тоглогчоо амраах зорилгоор нөөсөн. Тухайлбал шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ, довтлогч О.Мижиддорж, хамгаалагч Филип Чинзориг нарыг гарааны бүрэлдэхүүнд гаргасангүй.
“Брера Илч”-ийн хувьд сүүлийн 2 тойрогт “Баварианс”, “Хоромхон” багуудыг дараалан хожиж, форм сайтай байгаагаа харуулаад байв. Тэд энэ тоглолтонд ч эхний гоолыг хийж, аваргуудыг хүнд байдалд оруулсан. Япон легионер С.Аато сүүлийн 4 тойрог дараалан гоолдсоноор нийт 9 гоолтой болж, мэргэн буучдын жагсаалтын 2-р эгнээнд бичигдэж эхлэлээ. 2-р үед дасгалжуулагч В.Бралушич багийн ахлагч О.Мижиддоржийг талбайд оруулав. Чухам энэ солилцоо тоглолтын хувь заяаг шийдсэн. Шигшээ багийн довтлогч О.Мижиддорж 70 дах минутад алсын хүчтэй цохилтоор тоог тэнцүүлсэн бол удалгүй Пан Сун Гёлд оновчтой дамжуулалт өгснөөр “Улаанбаатар” 2:1-ээр тэргүүлж эхэлсэн юм. Улмаар солонгос легионер Пак Сун Гёл 86 дах минутанд 2 дохоо гоолдсоноор тоглолтын эцсийн цэгийг тавьж орхисон. Брера Илчийн хаалгач 3 гоолын хоёрыг нь алдахгүй байж болохоор л цохилтууд байлаа.  Аваргууд энэ тоглолтод хожсоноор 21 оноотой болж, хүснэгтийн 3-р байрт дэвшлээ. Тэд дараагийн тойрогт “Хоромхон”-той “Брера Илч”-ийнхэн “Ховд”-той тулах хувиартай.
“Улаанбаатар” клубийн жигүүрийн довтлогч Пак Сун Геол тоглолтын шилдгээр нэрлэгдлээ. Солонгос легионер энэ тоглолтод “Брера Илч”-ийн хаалганд дубль хийж, багийнхаа ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.