Азийн наадамд аавынхаа нэрийг дуудуулсан тамирчин
“Ханжоу-2022” Азийн зуны спортын IV пара наадмын хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд Монголын тамирчин, 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч Д.Саруултөгс 20.79 метр шидэлт гүйцэтгэснээр мөнгөн медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн 8 дах медаль юм. Мөн тус наадмаас Монголын хөнгөн атлетикийн 8 тамирчин ДАШТ-д оролцох 9 эрхийг авч, урам зориг, амжилт дүүрэн наадав. Тамирчин Д.Саруултөгс медаль хүртсэнийхээ дараа “Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна. Аав минь бурхан болоод нэг сар болж байна. Ханжоуд аавынхаа нэрийг дуудуулахыг хүссэн, зорилго минь биеллээ” хэмэээн чин сэтгэлийн үгээ хэллээ. Өмнөх Азийн наадмаас Э.Өнөрмаа мөнгө, Г.Мөнхбат, Г.Цогтгэрэл, Ц.Баттулга нар хүрэл медаль хүртэж байсан билээ. Монгол Улсын баг тамирчид Азийн наадмын 7 дох өдрийн дараах байдлаар 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальтайгаар 44 улсаас 20-р байрт бичигдэж байна.