Алтан цомын анхны аваргуудын гараа өнгөтэй байна
МҮБХ-ны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх шинэ улирлын барилдаан сонирхол татам өрнөсөөр. Энэ удаад анхны барилдааны аваргын төлөө хүч үзэж байсан Архангай-Булган аймгийн багууд нэг хэсгийн эхний тойрогт таарав. Хүлээлт өндөртэй, гол өрсөлдөгч нарын халз барилдаанд Архангай аймгийн баг 14:11-ээр эхний ялалтаа итгэл төгс авав. Булганы багаас улсын начин Б.Сумъяабат бүх учраагаа өвдөг шороодуулан одтой наадлаа. Архангай аймгийн багаас улсын харцага Б.Зоригтбаатар/4/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ/2/, улсын харцага С.Сүхбат/4/ аймгийн арслан Д.Ням-Очир/1/, цэргийн заан Ө.Батсуурь/3/ нар 14 даваа авсан бол Булган аймгийн багаас улсын начин Д.Амарсайхан/2/, улсын начин Д.Амаржаргал/2/, улсын начин Б.Сумъяабат/5/, улсын начин Э.Энх-Амгалан/1/, улсын начин Б.Түвшинтөгс/1/ нар нийтдээ 11 даваа авсан байна. Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг нар, Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Х.Цогтгэрэл, Б.Түмэндэмбэрэл нар ажиллав. Хожсон баг 5 сая төгрөгийн бай, барилдсан бөхчүүд давааны урамжууллаа тус тус гарджээ. Маргааш Баянхонгор–Төв, Ховд-Дорноговь аймгийн багууд барилдана.
Гэрэл зургийг Өлзийбаяр Нанзад