Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ буюу 3-р тойргийн 2 дахь өдрийн эхний барилдаанд Архангай-Сүхбаатар аймгийн багуудын хооронд боллоо. Шигшээ наймд шалгарах эрхийн төлөөх энэхүү хариуцлага өндөртэй даваанд Архангай аймгийн баг 21:4-ийн харьцаатай илт давуу ялав. Ингэснээр одоогоор Увс, Өмнөговь, Архайнгай аймгийн бөхчүүд шилдэг 8 багт шалгарч үлдээд байна. Арын сайхан хангай нутгийн багаас улсын харцага С.Сүхбат, цэргийн заан Ө.Батсуурь нар арал бяраар аагласан барилдааныг үзүүлж, ганц ч уналгүй 5 даваа авсан бол улсын харцага О.Мөнх-Эрдэнэ/аймгийн арслан Н.Өсөхбаярт унасан/, аймгийн арслан Э.Мөнхжаргал/2-р тойргоос барилдсан/ нар тус бүр 4 даваа, улсын харцага Б.Зоригтбаатар 2 даваа, улсын арслан Р.Пүрэвдагва/Сэлгээнээс барилдсан/ 1 давж, нийтдээ 21 даваа авч, аймгийн арслан Д.Ням-Очир даваа авалгүй 2-р тойргоос сэлгээнд шилжив. Сүхбаатар аймгийн багаас аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр 3 даваа, аймгийн заан С.Ган-Эрдэнэ 1 даваа багтаа нэмэрлэн, улсын начин Бо.Батжаргал, аймгийн арслан Э.Буянтогтох, аймгийн заан Б.Бадамдорж нар даваа авч амжилгүй багаараа сэлгээгүй барилдацгаасан байна. Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, Сүхбаатар аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн хурц арслан О.Баярхүү нар ажиллав. Ялсан баг шагналын 5 сая төгрөг, давсан бөхчүүд давааны урамшууллаа гардацгаалаа.