Аргентинчууд чансааг тэргүүлж, Монголын хөл бөмбөг 191-р байрт эрэмбэлэгдэв

Олон улсын хөл бөмбөгийн холбоо/FIFA/-ноос гишүүн улсуудын шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргажээ. Отгон дэлхийн аварга чансааг тэргүүлж, Францчууд тэднээс 18 оноо дутуу нэхэж яваа бол Бельги нэг байраар урагшилж, Англичууд нэг байраар ухрав. Харин дэлхийн 5 удаагийн аваргууд айргийн тавдаа байраа хадгалан, Португал, Нидерланд, Испани, Итали, Хорват гээд дан Европчууд эхний аравт эгнэн жагссан байна. Монголчуудын хувьд 191 гэсэн их холуур эрэмбэлэгдсэн нь хөл бөмбөг сонирхогчдыг гонсойлгов. Манай ард Жибути, Аруба, Бруней гэсэн улсууд орж. Хүн ам ихтэйгээс ганц Пакистан л байх шив. Бүтэн 27 жил олон улсын болон Азийн хөл бөмбөгийн холбоо/AFC/-ноос жил бүр санхүүжилт аваад ч хөгждөггүй, хөгжүүлдэггүй нь хачирхалтай. Ингээд анх гараанаас гарсан байрандаа эргээд ирлээ дээ, хөөрхий…

 

 

Спортын хөгжил нь уланд оччихоод байхад МХБХ-ны удирдлагууд нь Японд туршлага судлаад, ирэнгүүтээ Эрчим хүчний дэд сайдтай хамт сонгуулийн ил, далд сурталчилгаа хийгээд, нөгөө л улаан хавтсаа гардуулаад л явж байх. Хөл бөмбөг мэдэхгүй, сэтгэлгүй хүмүүсийг орой дээрээ залаад буулгаж чадахгүй байгаа хөл бөмбөгийнхний өөрсдийнх нь л буруу байх даа. Энэ байдал дахиад хэдэн жил үргэлжлэхийг хэн ч таашгүй.