МҮБХ-ны “Үндэсний Алтан цом” барилдааны “Бүх оддын барилдаан” анх удаагаа зохион байгуулагдаж байна. Үзэгчдийн санал асуулгаар хамгийн олон санал цуглуулсан 14 бөхөөс цолны эрэмбээр даян аварга Н.Батсуурь, улсын аварга Н.Бүрэнтөгс нар багаа бүрдүүлэх сонголтоо хийсэн. Багийн дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Д.Баасандорж нар ажиллав.

 

 

1-р тойрог. Улсын аварга П.Бүрэнтөгс-Улсын начин Э.Батмагнай. Залуу начин давхар хамж дайраад, энэ барилдааны хамгийн эхний давааг авав. Улсын гарьд Ц.Бямба-Отгон-Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ. Харцагын жаахан бэргэсэн барилдаан дээр гарьд үндсэн барьцандаа хүрч барилдан давлаа. Улсын аварга О.Хангай-Улсын харцага Б.Зоригтбаатар. Уран барилдаант харцага бужигнуулсаар дэвжээний захад дагуулж ширвээд аваргыг аваад явчих шахсан ч хашилга, сандал тулсан. Дараа нь мэхээ дутуу хийж, гишгэдэл алдмагц аварга тэр чигт нь голлож дайраад давлаа. Даян аварга Н.Батсуурь-Улсын харцага С.Сүхбат. Барилдаан нэлээн удааширсан. Аваргын хоёр ч удаагийн толгой уургалсан хэцүү барьцнаас давгүй мултарсан. Удалгүй зүүн тахимдаж зүтгээд, сийрэг аваргаас даваа салгав.Улсын заан Б.Бат-Өлзий-Улсын заан М.Лхагвагэрэл. Ховдын бакь заан ёстой янзын хавсарсан даа.

 

 

2-р тойрог. Улсын харцага С.Сүхбат-Улсын начин Э.Батмагнай. Залуу начин өмнөх давааны нэгэн адилаар гарлаа, давлаа гээд 2 дох даваагаа төвөггүй авсан. Улсын аварга Н.Бүрэнтөгс-Улсын харцага Б.Зоригтбаатар. Элдэвлэж элдсээр байгаад л аваргыг өвдөг шороодуулав. Даян аварга Н.Батсуурь-Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ. Харцага ингэж шийдсэн мэхээ шийдэмгий хийгээд явбал хэнийг ч давчихаар харагдах юм. Улсын аварга О.Хангай-Улсын заан Б.Бат-Өлзий. Заан мордоод, хариуд нь аварга хөмрөөд, заан хариу мэхээ хийх гээд аваргад нөмрүүлчихсэн.

 

 

 

Эхний 2 тойргийн дараах байдлаар улсын аварга О.Хангай, улсын начин Э.Батмагнай нар 2 дараалан давсан бол даян аварга Н.Батсуурь, улсын аварга Н.Бүрэнтөгс нар хараахан даваа авч чадсангүй. Хоёр багийн харьцаа 5:5 боллоо.

3-р тойрог   Барилдааны тойм

Улсын заан М.Лхагвагэрэл-Улсын начин Э.Сумъяабат. Даян аваргын оронд сэлгээр орж ирсэн Булганы залуу начин баруун наагаад тойргийн давааны салхийг сайхан хагалав. Улсын аварга О.Хангай-Улсын гарьд Ц.Бямба-Отгон. Залуу гарьд сэрвү барьцнаас зүүн мордож дайрах үед аваргын баруун тохой түрүүлж хүрчээ.

 

 

Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ-Улсын начин Э.Батмагнай. Начин харцагын яг л нөмрөөд дайрдаг талд нь дутуу яваад буруудсан. Улсын аварга Н.Бүрэнтөгс-Улсын заан Б.Бат-Өлзий. Дотроос нь этээд суулгачихав. Улсын харцага Б.Зоригтбаатар-Улсын харцага С.Сүхбат. Нутгийн хоёр хүчтэн үнэн хүчийг үзэж, туршлага илүү нь даваагаа ахиуллаа. Ингэснээр энэ тойрогт 4:1, ерөнхий харьцаа 9:6 болж, даян аваргын баг 3 даваагаар илүүрхэж эхлэв.

4-р тойрог. Улсын аварга О.Хангай-Улсын начин Э.Сумъяабат. Аварга начинг мордоход нь үндсэн хөмрөөгөө хийгээд давав. Улсын аварга Н.Бүрэнтөгс-Улсын гарьд Ц.Бямба-Отгон. Гарьд нэг нааж, чангаруулаад, ганцхан татчихсан. Улсын заан Б.Пүрэвсайхан-Улсын начин Д.Амарсайхан. Давхар шуудагны барьцнаас хашир заан илүүрхлээ. Улсын заан М.Лхагвагэрэл-Улсын начин Э.Батмагнай. Хурдтай залуу начин хамж дайраад аваад явчихлаа. Улсын заан Б.Бат-Өлзий-Улсын харцага С.Сүхбат. Багласан барьц өгсөөр байгаад л залуу харцага унав. Харьцаа 12:8 болов.

 

 

5-р тойрог. Энэ тойрогт Н.Бүрэнтөгс аваргын баг унах эрхгүй барилдана. Харцага О.Мөнх-Эрдэнийн нэг хуруу мултарсан учир сэлгээнд суухаар болсон мэдээтэй. Улсын аварга О.Хангай-Улсын начин Э.Батмагнай. Аварга мордоод, голлож дайрч даван, давааг 12:9 болгон ойртуулав.  Улсын арслан Р.Пүрэвдагва-Улсын начин Э.Сумъяабат. Барилдааны төгсгөлд начин барьцгүй ширвээд давснаар багийнхаа ялалтын 13 дах давааны эзэн боллоо. Улсын гарьд Ц.Бямба-Отгон-Улсын харцага С.Сүхбат. Гарьд давхар шуудагны барьцнаас зэрэгцэж, гүйж байгаад бярдлаа, бярдлаа. Улсын заан М.Лхагвагэрэл-Улсын начин Д.Амарсайхан. Заан шахаж өргөөд, хөнгөхөөн давав. Улсын заан Б.Пүрэвсайхан-Улсын заан Б.Бат-Өлзий. Залуу заан зүүн мушгичихлаа. Уул нь баруун л мушгидаг хүн дээ. Ингэснээр даян аварга Н.Батсуурийн баг 15:10-аар ялав. Зохион байгуулагчдын зүгээс түрүүлсэн багийг 30 сая, удаах баг 10 сая төгрөгөөр урамшуулжээ.

Хувийн дүнгээр улсын гарьд Ц.Бямба-Отгон тэргүүлж, 3 сая төгрөгийн бай шагнал гардан авлаа.