А.Гильберт зогсоогдошгүй байсан ч Металлчууд шийр заан хожив
Үндэсний дээд лигийн 1-р тойргийн тоглолт. Бишрэлт Металл 78 : 70 Selenge Bodons Улирлын эхний 3 тоглолтоос тус бүр ганц хожил аваад байгаа 2 багийн тоглолтоос үзэгч, фэнүүд нь илүү ихийг хүлээж байв. Сүүлийн 2 жил дараалан аваргын төлөөх айхтар тулаанд ороод үзчихсэн гялалзсан төмрүүд бага зэрэг нугарах гээд байна уу гэмээр тоглоцоож байгаа нь багийн гол тоглогчдын зун, намрын тэмцэнүүдийн их ачаалалтай ч холбоотой байж болохоор. Нөгөө талд ч ялгаагүй 3х3 гээд тэмцээнүүдэд чамгүй оролцсон тамирчид ч байгаа.
Хоёр багийн тоглолт нягт хамгаалалт, өндөр хэмнэлтэй эхлэн, Бодонгуудын түрэмгий сэжилт, шидэлтүүд ч тун аюултай байлаа. Ялангуяа Ахмад Гильбертийн тоглолт ёстой, гал гал. Гараас гарсан бүр нь цагирагт унасаар.
Эхний үед багаараа 24 оноо авсны 20 нь түүнийх. 3-аас 4/4, дундын зайнаас мөн 4/4. Нийт довтолгоо 8/8 100%!!! Бичлэг үзэх Эдгээр шидэлтүүдийн ихэнх нь урд нь хамгаалагч байхад шидсэн шидэлтүүд байсан. Тэр тоглолтын туршид 34 оноо, 6 самбар, 3 дамжуулалт. Шидэлтийн хувьд 13/18, холын шидэлт 8/11 72%! Яаж тоглоод, шидээд байгаа юм бэ? Харин Металлын Д.Скотт 22 оноо, 14 самбар, 4 дамжуулалтаар багаа оноогоор тэргүүлсэн. Тоглолтын тойм
Дээр нь хоёр багийн дасгалжуулагчдын халз тулаан талбайн гадна, дотно өрнөсөөр. Предраг Стояноевт илүү дөхөмтэй ч байсан байж магад. Гэхдээ Батжаргалын Ганхөлөг, Баттүвшингийн Тамжид нар Европ мэргэжилтнээс юу сурч үлдсэнээ харуулах сайхан боломж гэлтэй. Монгол дасгалжуулагчдын зөвлөгөө, заавраар Бишрэлт Металл багийнхан оноогоо бага багаар ойртуулсаар 3-р үе дуусахад 62:57 буюу 5 оноо л 2 багийн тоглолтыг зааглаж байв. Туршлага дүүрэн Амарбаясгалангийн Энхбаясгалангийн холын шидэлтүүд ээлж дараалан байндаа туссан нь багаа сэргээсээр Бичлэг үзэх Мөн багийн тулхтай ахлагч Түмэнбаярын Ууганбаярын алхам томтой салхин довтолгоо яг л цагаа үеэ мэдрэх шиг. Түүний бөмбөгөө нуун, урагш зүтгэн хийсэн тэр оролт үнэхээр онцгой. Бас л янзын мэдрэмж шүү. Бичлэг үзэх
Тоглолтын гэрэл зургаас
Шийдвэрлэх IV үед 66:66 дээр оноо тэнцсэнээс хойш Бодонгуудын найдлага ерөнхийдөө тасарсан гэхэд болно. Тэд хэт гадаад тоглогчиддоо найдаад байна уу? Ялангуяа Отгондарийн Тулгын өмнөх улирлын өөрийн тоглолтоо олчихсон байсан нөгөө гоё эрч хүч, өөртөө итгэх итгэл хаашаа алга болчихов? Ерөөсөө харагдсангүй. Баярсайханы Энхсайханы олон талт тоглолт бас л үгүйлэгдэв. Хоёр холбон тоглогч нь хэн хэн нь 22 минут тоглосон хэрнээ ганц ч оноо авалгүй хоёрхон дамжуулалтайгаар тоглолтоо дуусгалаа. Арай л биш ээ. Энэ тал дээр дасгалжуулагчдын баг нь анализ хийж байгаа гэж найдъя. Сайн тал гэвэл Алтанцагийн Базаргүр, Ахмад Гильберт нарын ойлголцол дажгүй байсныг энд онцолъё. Бичлэг үзэх
Ингээд хүндхэн тоглолтоос Металлчууд өнгөлгөөгөө сайн хийснээр хэрэгтэй хожил авсан бол Бодонгууд талбайдаа тоглохоор автобусандаа суун, Дархан хотыг зорьцгоолоо. Мич бодонгийн сүргүүдийн эртнээс төлөвлөгдсөн дуулиан шуугиан, хэл ам ихтэй, тоглогчийн гэрээ тойрсон асуудлуудаар хурцлагдсан хэрцгийдүү, хард талдаа тулаан бямба гаригт Дархан Юнайтед ордонг доргиох нь.
Тоймыг Спортын сэтгүүлч Н.Тамир
А.Энхбаясгалангийн яриа Бичлэг үзэх
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг
Сэлэнгэ Бодонгууд багийнхан улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд #81, улсын начин Д.Төрболдод #24 дугаартай шинэ загварын жэрсиг гаргажээ.
The League – Үндэсний Дээд Лиг