Хүн амьдралаа баатарлаг үйлсээр дүүрэн замнахад орчны нөлөө хичнээн чухал болохыг миний нагацын түүх батална. Тийм ээ, тэр театрын баатар байсан юм. Телевиз, радио, тайз дэлгэцийн 100 гаруй шилмэл бүтээлүүдийг бидэнд үлдээгээд буцжээ. Мөртэй амьдрах дэндүү сайхан. Мэдээж их олон хүнд, их ухаан хайрлахын хэрээр шилдэг бүтээлд тооцогддог. Баатар найруулагчийн хэлэх дуртай үг “Өөртөө үнэнч бай”. Тэр өдөр бүр өөрийгөө болон бусдыг боловсруулж, мөнхийн бүтээл туурвилтай байж дадсан хүн. Энэ дадлыг тэр хаанаас олж авсан бэ? “Хүн болох багаасаа” гэдэг хичнээн үнэн үг вэ? Бид хоёр эмээ өвөөгийнхээ дэргэд хөрш өссөн юм. Ах маань тэднийг “Хоёр бурхан” гэж дээдэлдэг. Хайраас хайр л төрдөг юм билээ. Бидний дуудаж заншсанаар хөгшин аав, хөгшин ээж хоёр минь биднийг хичнээн гоё хайрлаж өсгөсөн гэж санана. Буурлууд минь биднийг загнах нь бүү хэл чанга дуугарч байхыг бид сонсоогүй. Тэд зүгээр ач гучаа харагч биш өдөр бүр баяр болгохын төлөө зүтгэдэг байсан юм. Хоёр хөгшин хөдөө байсан адуу малаа зараад, үлдсэнийг нь нэгдэлд хандивлаад гурван хүүхдээ эрдэмтэй болгох гэж хот руу нүүж ирсэн гэдэг. Үүний ачаар эх орондоо оюун хүчээ шавхсан эмч, багш, эрдэмтэн гурван хүүхдүүдээс нь бид хоёр мэндэлсэн түүхтэй. Хөгшин ээж маань өдөр бүр/Дахин хэлэхэд өдөр бүр/ печень чихэр заавал өгнө. Тэр өгөх зүйлээ сонин хачин, ховор живэр зүйлс өгөх гэж ихэд хичээнэ. “Өнөөдөр хөгшин ээж юу өгөх бол” гэж хичээл дээрээ бодож суудаг байж билээ. Гартаа барьсан тэр чихэртээ хичнээн их баярладаг байв аа. За тэгээд хөгшин ээж минь хүн баярлуулах ажлаа өдөржин хийнэ. Чацаргана чанах, царцаамаг хийх, бууз хуушуур чимхэх, самар хуурах, ирис хийх, хайлмаг хайрах, чимэг зүүлт хийх гээд л үргэлж завгүй байдаг. Хөгшин аав ч ялгаагүй. Цас цэвэрлэх, мод тарих, самар жимс түүх, чарга хийх, сүүдрэвч барих, теннисний ширээ, цохиур хийх гээд биднийг таатай саатуулах үйлд хамаг цаг нараа зориулна. Хөгшин ээж минь бидэнд ном, сэтгүүл их авчирч өгнө. Бүх ач гуч нь оюунлаг болсон түүх эндээс улбаатай. Нэг өдөр сургуулиас ирсэн чинь хөгшин аав загасны тороор модны сүүдэрт хэвтэж ном унших дүүжин ор хийчихсэн байж билээ. Тэр дэндүү таатай тохь тух одоо ч надад мэдрэгддэг юм. Мөн хөгшин ээжийн минь хийдэг ирисэн чихэр, жижигхэн хуушуурын тэр гоё амт өнөө ч аманд минь амтагдсаар байна. Манайд хүмүүс ирэх их дуртай. Эмээ минь хүмүүсийг хөгшин залуу, хүүхэд гэхгүй байгаа бүхнээрээ маш гоё дайлдаг. Тэр хэрээр хүмүүс ч хоёр бурханд минь хамгаа барьдаг байв. Өвөө маань бид хоёрын хүмүүжсэн 17-р цэцэрлэгийн тоглоомын талбайг зүлэгжүүлж, моджуулсан юм. Цэцэрлэгийн хойд урд талбайг нь ой шиг гоё болгож өгч билээ.  Их өндөр өвстэй. Бид тэнд нуугдаж тоглодог. Бас их олон гоё цэцэгстэй, олон сайхан модон тоглоомтой хүүхдийн диваажинд бид өссөн юм. Өдөр бүр зүлэг модоо арчилна, усална. Чийг үнэртсэн хичнээн гоё орчин байгаа вэ? Цас орсон өдөр биднийг цасан хүн өвөө хоёр тосдог байсан. Ямар их сэтгэл санаа өндөр, баяр хөөртэй, амьдрах хүсэл тэмүүлэлтэй бид өсөө вэ? Багын минь энэхүү өдөр бүр бүтээлтэй байх дадлууд л биднийг зуу зуун бүтээлийн ард гарахад үндэс суурь нь болж өгсөн юм уу хэмээн цэнэж суунам. “Бүтэн бай…” хэмээх ахын маань агуу үгийнх нь эх сурвалж болсон эмээ өвөө минь сэтгэл бүтэн хүмүүс байсан юм. Ийнхүү Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар ахынхаа бага насыг дурсан тэрлэв.
С.Түмэн
May be an image of 1 person