Дуучин, поп дива хатагтай Б.Сарантуяагийн тоглолт Осака хотноо болно

ДУУН ТАМГАТАЙ, ДУУЧИН САРАА. Намар бол урлаг юм. Шаргал навчис унах нь гуниг дагуулдаг ч зөөлөн салхи нь сэтгэл дэвтээж, тайвшралыг бэлэглэдэг гайхалтай энэ улиралд хүн бүр хайртай болов уу. Шинэ сар эхлэхтэй зэрэгцэн Монголын “Монташка” Осака хотод ирнэ. Хэн бэ гэж үү… Амьдрал, уран бүтээл хоёр нь зуун дамжин үргэлжилж буй “Зууны манлай эстрадын дуучин”, “Пентатоник” наадмын 3 удаагийн шагналт, “Алтан микрофон” наадмын шагналт, МУГЖ, поп дива хатагтай БАТМӨНХИЙН САРАНТУЯА. Монгол Улс, Япон улсын хооронд соёлын харилцааны хэлэлцээр байгуулагдсаны 50 жилийн ой, Монголын түүх, соёл, зан заншлыг Японд сурталчлан таниулдаг Осакагийн намрын баярын өдрийг тохиолдуулан хүндэт зочноор уригдан ирж, монгол түмэндээ ая дууныхаа дээжийг өргөн барих нь. Бүхэл бүтэн зууныг төлөөлөн уран бүтээлээ туурвиж яваа дуучин хатагтайг орчин үеийн хөгжмийн шинэ урсгалыг Монгол ардын урлагтай хослуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж мэргэжлийнхэн үнэлж, “Монгол дууч” хэмээн өргөмжилдөг билээ. Бүхий л цаг хугацаанд урлагийн тайзан дээр цэх шулуун алхаж, уран бүтээлийн олз омгийг тасралтгүй бүтээж яваа эрхэм дуучин маань 12 жилийн дараа ийнхүү Японд тоглолтоо хийх юм. Энэ удаа тэрбээр Осака хотын Цуруми дүүргийн “Цурумү Рёкучи” цэцэрлэгт хүрээлэнд Кансай дах Монголчууддаа ая дуугаа өргөнө. Үүний дараа түүний албан ёсны тоглолт “ХАЙРЛАСАН СЭТГЭЛ” нэртэйгээр “PLUSWIN HALL”-д 11-р сарын 2-ны 18:00 цагт болно. Нэгхэн өдөр, нэгэн дээвэр дор, нэртэй дуучныхаа тоглолтыг хамтдаа үзэх ховор боломж гарсныг дуулгахад сайхан байна. Монголын рок поп урлагийн түүхийг бичилцэж яваа эрхэмсэг хатагтай/багын нэрээрээ/”Монташка”, Монголын нэрээрээ бол “Зууны манлай эстрадын”дуучин таныг Осака хотод тавтай морилохыг урьж байна.  Бичлэг үзэх
Осака хот. Сэтгүүлч В. Сарантуяа
Дуучин Сараа фэнүүд ихтэй, Монголын толгой дуучдын нэг With love, Masha Хайртай дуучныхаа талаар юу гэж бичсэнийг тогтоод нэг уншаарай. Үнэхээр түүний номыг уншмаар санагдтал бичжээ.
Амьдрал намайг дуунд уяраажээ
Алд биеийг минь дуугаараа мялаах юм…  Энэ зун Монголдоо харихдаа аав ээжийнхээ гэрт дуучин Сарантуяагийн намтар ном байхыг хараад аваад, уншлаа. Санаандгүй уншсан ном минь намайг дуучин Сараагийн фэн болгоно гэж мэдсэнгүй. Одоо би Сараагийн цомгийг Spotify дээр сонсонгоо энийг бичиж сууна. Эгч маань сонсдог болохоор дуучин Сарантуяагийн ихэнх дууны дахилтыг мэддэг, хаа нэгтээ сонсвол мэддэг дуу байна даа гээд бодоод л өнгөрдгөөс зорьж сонсдоггүй байлаа. Уг номыг дуучин өөрөө бичээгүй ч, надад яг өөрөө намар зуслангийн байшиндаа гоё ил гал түлчихээд хүүхдүүдээ гадаа тоглохыг цонхоор харангаа дурсамжаа нэг нэгээр бэдрэн бичээд сууж байгаа мэт төсөөлөгдсөн. Якутын жижигхэн тосгоноос ээж нь хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Эрхүүд суралцахаар очоод, ганган, бас өндөр Монгол оюутан залуутай танилцсанаар Сараагийн аав, ээж учирч байсан тухай түүхээс эхлээд, бяцхан охин Сараа яаж дуу хөгжимд дурласан, аав ээжийн эсэргүүцэл, амраг хайртайгаа тайзан дээрээ хэрхэн учирсан, Монголын хамгийн алдартай урлагийн гэр бүлд бэр болж ороод, хорьхон насандаа хойд ээж болсон гээд Сараагийн зөвхөн гэр бүл, хамгийн дотнын найзууд нь л мэддэг байх гэмээр түүхүүд хөвөрнө. Яагаад ч юм энэ хэсгийг уншиж байхад Ганхуягтайгаа дуулсан “Чиний үгүйд” гээд дуу нь толгойд минь аялагдаж байсан.
“Ангасан сэтгэлийн минь талд хур болон орооч
Амраг сэтгэлийн минь нууранд хун болон умбаач…” Яагаад энэ намтар номоо дэлгүүрүүдээр зарахгүй зөвхөн фенүүддээ захиалгаар хүргэхээр шийдсэн хариу нь номон дотроо ив илхэн байв. “Азийн дуу хоолой” наадмаас Гран-При авахад нь хамт баярлаж, анхны цомгоо гаргахад нь хамт догдолж уншсан бол амиа хорлохоор шийдэхэд нь зүрх өвдөж, анхны хүүхдээ бодон шаналахад нь хамт гашуудсаар уншсан. Яг л кино үзэж байгаа мэт… Хүүгийнхээ аавтай танилцаж, хамтран амьдрахад нь аз жаргалтай төгсөөгүйг нь мэдсээр байж дотроо битүүхэн болчихоосой, бүтчихээсэй, битгий муухай юм тохиолдоосой, битгий л араар нь тавьсан байгаасай гэж түгшсээр уншсан. Хэдий хамт дуусаагүй хайр ч гэсэн энэ үед жинхэнээсээ романтик хайраар хайрлагдсанаа, одоо болтол сэтгэл зүрхэнд нь хань ижлээр дурсагддаг гэдгээ хуваалцсан байхыг нь уншаад тайвшрах шиг…
Сэтгэл догдлуулсан орой…  Учралын блюз…  Тэр намайг дурсдаг болов уу…
Дуунууд нь Сараагийн өөрийн туулсан амьдрал юм байна гэж ч бодогдох шиг. Түүх, үйл явдал болгон хоёр талын сторитой байдаг. Би Ганхуяг, Болдхуяг болон бусад номонд гарсан дүрүүдийн, тэдний талын сториг мэдэхгүй. Яг үнэндээ мэдэхгүй чигээрээ зөвхөн Сараагийн талын сторитойгоо үлдмээр санагдах нь дуучин Сарааг, энэ эмэгтэйг, туулж ирсэн бүхнийг нь маш ихээр хүндэлж, биширч байгаа учраас л тэр байх даа. Чиний төрх, Уучил, Чагная, Бог өвсний дуу, Бороо, Чамруу надруу урсана, Инээмтгий хүн, Мэдэх үү, Хайрын тэнгэр, Сэхүүн салхи, Чи миний, Хэн юм бэ, Нулимсаар хучсан шөнө, Шүүдрийн ганцхан дусал гээд ямар гоё дуунуудыг энэ номыг уншсаны дараа бүтнээр нь сонсдог болсноо бодохоор энэ номыг уншсандаа баярладаг. 2000-аад онд би жаахан хүүхэд байсан учраас Сарааг нэрийг нь мэдэхээс цаашгүй л байж. Одоо бодоход түүнээс өөр “Зууны манлай эмэгтэй дуучин” цолыг авах хүн байгаагүй нь дуунуудаас нь мэдрэгдэнэ. Одоо ч Сарааг давах эмэгтэй дуучин Монголд гараагүй байх шиг. Номонд орсон залуугийн зургуудыг нь харахад залуухан дуучин Сараа маань ямар ч ганган, гоё эмэгтэй байсан юм. Үсний засалт, хувцаслалт, нүүр будалт, машин гээд тэр үед моданы, стайлиш, жинхэнэ шуугиантай амьдарсан селебрити эмэгтэй байж. Магадгүй одоо ч тийм байх.
Номны ганц тиймхэн юм нь layout буюу зургуудаа оруулсан, загварласан, эмхэлсэн байдал байлаа. Тийм гоё дурсамжтай зургуудыг холбоотой хэсгүүд дээр гоё гоёор оруулсан бол бүүр л гоё болох байж. Өмнө нь Сарааг сонсоход би дэндүү балчирдаад байдаг байж, харин 30 насандаа ингээд би дуучин Сараатай, дуунуудтай нь дахин танилцаж фэн нь болох учиртай байж. Одоо дуучин Сараагаа Инста, Фэйсбүүк дээр дагаж, үр хүүхэд, хайртай хүмүүстэйгээ аз жаргалтай байгааг нь харах сайхан байна.”Би жаргалтай”….  Монголд очихдоо тоглолт нь болвол заавал хамгийн урд эгнээнээс үзэж, дагаж дуулнаа. Одоо бүх дуунуудыг нь мэднэ. Хайртай дуучныхаа номын рэвьюг ингээд өндөрлөе. Та нар минь энэ ном энд тэнд таарвал заавал уншаарай.