Дэрэнгийн залуус лигийн олон удаагийн аваргуудын хаалганд 7 гоол оруулав
Монголын Премьер лигийн 12-р тойрог. Дэрэн 7:0 Хаан Хүнс-Эрчим. Хоёр багийн сүүлийн 10 тоглолтын долоод нь хожоод байсан Дэрэнчүүд энэ удаад өрсөлдөгчөө 7:0 гэсэн том тоогоор хожсоноор энэ улирлын хамгийн том ялалттай зэрэгцэж ирлээ. Өмнө нь “Брера Илч” клуб “Баварианс”-ыг мөн ийм зөрүүгээр буюу 8:1-ээр хожиж байсан билээ.
Дэрэнгийн хамгаалалтын гол шугамын тоглогч О.Мөнх-Оргил хуудасны улмаас энэ тоглолтыг өнжсөн. Цагаан цэнхэрүүдийн марокко легионер Акава Салим нэг гоол оруулснаас гадна оновчтой дамжуулалтаар хет-трик хийж гялалзав. Жигүүрт түүнийг зогсооно гэдэг “Эрчим”-ийн хамгаалагчдын хувьд бэрх даалгавар байв.
Мөн Ц.Далайцэрэн гоол, 2 оновчтой дамжуулалт бүртгүүлж, багийнхаа ялалтад том үүрэгтэй оролцжээ. Тэрээр 2 тойрог дараалан гоолдсоноор нийт 5 гоол нэр дээрээ бүртгүүлээд байна. “Дэрэн”-гийн довтлогч Б.Өсөх-Ирээдүй сэлгээгээр талбайд гараад 2 гоол оруулан, 7 бөмбөгтэй болж, мэргэн буучдын жагсаалтанд орж ирэв. Тус багийн ирээдүй болсон залуусын нэг, удахгүй 17 нас хүрэх Ө.Содбилэг гоол оруулж, гоолын дамжуулалт өгснийг мөн дурдах ёстой. “Хаан Хүнс-Эрчим”-ийн хувьд хаврын тойргийг урамтай эхлүүлж, “Ховд”-ыг 5:2-оор хожин, “Төв Азарганууд”-тай 2:2-оор тэнцээд байсан бол энэ удаа “Дэрэн”-гийн залуусын эсрэг тун хангалтгүй тоглож, нэлээн хүнд цохилт авав. Дэрэнгийнхэн тоглолтын турш нийт 19 цохилт гүйцэтгэсний 11 нь хаалга чиглэсөн бөгөөд 70 хувьтай бөмбөг эзэмшжээ.
“Дэрэн” багийн хагас хамгаалагч Ө.Содбилэгийн яриа Бичлэг үзэх
“Хаан Хүнс-Эрчим” багийн хагас хамгаалагч Б.Ган-Эрдэнийн яриа Бичлэг үзэх
Тоглолтын шилдгээр “Дэрэн” клубын марокко легионер Акава Салим тодров. Тэр энэ тоглолтод нэг гоол оруулж, гурван оновчтой дамжуулалт өгсөн юм.