Жүдочид Токиогийн Гранд слэмээс мөнгө, хүрэл медальтай ирлээ
Жүдочдын оны төгсгөлийн оргил тэмцээн болох Токиогийн Гранд слэм тэмцээнээс манай жүдочид 2 медал авлаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөж, дараа нь Тайванийн Ен Мин Чен, Израилын Матан Коколаев, Бразилын Лима Виллиан, Францын Дайдий Боуба нарыг ялсаар шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөө олимп, дэлхийн аварга дэвжээний эзэн орны бөх Абе Хифүмитэй барилдаж үндсэн цагт цэвэр ялагдсанаар мөнгөн медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Л.Сосорбарам Португалын Иоана Диогог ялсан ч Израйлын Гефен Примод ялагдсан. Дагах барилдаанд АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж байгаа Б.Хорлоодойг ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Улмаар Унгарын жүдоч Река Паппыг үндсэн цагт цэвэр савж, оны сүүлийн том тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.
Мөн манай хоёр бөх медалийн оосроос атгаад алдав. -100кг-ын жинд Б.Гончигсүрэн эхний тойрогт гоц мөргөж, Японы Ийда Кинтаро, БНСУ-ын Вон Жон Хүн, Канадын Шад Элнахас нарыг дараалан ялсан ч хагас шигшээ барилдаанд ОХУ-ын бөх Матиев Каниковскийд ялагдсан. Дараа нь хүрэл медалийн төлөө ДАШТ-ий хошой хүрэл медальт, Нидерландын жүдоч Майкл Коррелтэй барилдан ялагдсанаар шагналт 5-р байрт оров. 66 кг-ын жинд энэ оны гурван “Их Дуулга” тэмцээнээс медаль хүртсэн ОУХМ Б.Эрхэмбаяр эхний тойрогт гоц мөргөж, удалгүй Узбекстаны Сардор Нурилаев, АНЭУ-ын Б.Нармандах нарыг ялж, хэсгийг тэргүүлэн, хагас шигшээд олимпийн аварга, дэлхийн 4 удаагийн аварга, Японы Абе Хифүмид ялагдсан. Хүрэл медалийн төлөө Туркменистаны Хеким Агамаммедовт мөн нэмэлт цагт даралтаар ялагдав. Гэрэл зургийг Д. Нямбилэг