Заан түрүүлж, харцага үзүүрлэсэн түүхт ойн барилдаан
Төв аймгийн Батсүмбэр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Бердимуратын Серик түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэлээ. Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, “Хүч” спорт хороо, “Мөнхийн үсэг” групп, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, ЗХ-ний 014-р анги , ULE ХХК, Бор -Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Алтанцоож нар шалгарав. Харин дунд шөвөгт улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Ж.Ням-Эрдэнэ, улсын начин Э.Сумъяабат, аймгийн арслан Л.Даваажамц нар үлдсэн байна.
Тус барилдааны үеэр улсын начин Б.Пүрэвдоржийн ар гэр, үр хүүхдүүдэд Төв аймгийн “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Батсүмбэр сумын ИТХ, ЗДТГ, нутгийн зөвлөл, тус сумын “Хүй мандлын хүчтэн” ҮБХ болон ах дүү, төрөл төрөгсдийнх нь зүгээс мөн начингийн хүү, аймгийн харцага П.Баасанбямбад нэгэн үеийн дотнын найзууд болох улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Л.Пүрэвжав, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр нар тус тус хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ барилдааны түрүү бөхийг 5 сая, үзүүрлэсэн бөхийг 3 сая, их шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүд тус 1,5 сая төгрөгийн бай шагнал гардуулжээ. Маргааш Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан”компанийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр, шилдэг 64 бөхийн энтертаймент барилдаан, нөгөөдөр Булган аймгийн Орхон сумын харъяат “хөнхөр” хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.