Залуу арслан доор даваанд унаснаар наадмын таавар улам таашгүй болж эхлэв

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны гурвын давааны барилдаанууд ихэд сонирхолтой өрнөв. Энэ даваанд Хөвсгөл аймгийн харъяат нэрнийхээ өмнө “хөөрхөн” тодотголтой, сошиал орчинд краш ихтэй аймгийн арслан П.Хүрэлбаатар улсын шинэхэн арслан Ц.Бямба-Отгон/ӨВ/-ыг шийдсэн мэхээр давснаар шуугианы гол эзэн боллоо.  Бичлэг үзэх

Улсын заан Б.Серик/БӨ/ улсын начин Ц.Бямба-Очир/ГА/-ыг амлан өвдөг шороодуулсан бол аралтай, бядтай улсын харцага О.Мөнх-Эрдэнэ/АР/ аймгийн хурц арслан М.Амарсанаа/ЗА/-гийн ширвээнд их л хямдхан яваад өглөө.  Бичлэг үзэх

Идэр улсын начингуудаас Н.Мустафа/БӨ/Г.Төрмөнх/ДО/-д, Д.Амарсайхан/БУ/ Ч.Алтангэрэл/БХ/-д, Ц.Сандагдорж/ХӨ/ П.Өсөхбаатар/ЗА/-т, Б.Түмэндэмбэрэл/БУ/ Д.Эрдэнэтулга/ГА/-д, Э.Сумъяабат/БУ/М.Цэрэн/ХӨ/-д гээд аймгийн арслангууд өнгөтэй барилдацгаав. Ингэснээр Булганы шижгэр начингууд наадмын хоёр, гурвын даваанд бүгд нурах нь тэр. Наадмын дэвжээ хатуу хатуу. Давааны төгсгөлд аймаг, цэргийн 6 арслан бие биенийгээ амлаж амлуулан, тунаж үлдсэн баруун хягаарын хоёр арслангийн барилдаан хурц сайхан болж, эцсийн мөчид А.Энхсаруул/УВ/ У.Батцоож/ХО/-ийг  давлаа. Дөрвийн давааны оноолт ч үнэхээр халгамаар болох нь тодорхой болов. Дөрвөн аймгийн арслан хоорондоо тунах дүр зураг байна.