Залуу заан түрүүлж, хашир арслан үзүүрлэлээ
Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан улсын начин Пагваасүрэнгийн Моломжамцын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Степ Гоулд” ХХК, “Цагаан сор” ХХК, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадрах өглөө” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үлдсэн бол дунд шөвөгт улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Г.Хишигбат, аймгийн арслан У.Батцоож нар шалгарсан байна. Нэрэмжит барилдаанаа сумынхаа 100 жилийн ойтой хамтатган зохион байгуулсан улсын начин П.Моломжамцад МҮБХ болон гэр бүлийнхэн, ахан дүүс, ажлын хамт олон, үе тэнгийн бөхчүүд, “Бөхбилэгт” дэвжээний хамт олон, нутгийн зон олон, найз нөхөд нь хүндэтгэл үзүүллээ. Энэ барилдаан түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай шагнал гардан авсан юм.
Өнөөдөр 19:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний Алтан цомын төлөөх” шигшээ 8 багийн барилдаан Архангай – Төв аймгийн багуудын барилдаанаар эхэлнэ. 4-р сарын 16 нд Өвөрхангай -Өмнөговь, 18 нд Увс – Говьсүмбэр, 19 нд Ховд – Баян Өлгий гэсэн хуваариар барилдан шилдэг 4 баг цааш шалгарна.