“Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулсан Ховд аймгийн Буянт сумын харъяат, МУГД, ХХ зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын начин Жамсрангийн Ням-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харъяат, “Хилчин” спорт хороо, Нью Прогресс ХХК, Хос Алтайн хүчтэн ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат, “Сүлд” спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Нью План ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар үлдэв. Харин дунд шөвгийн наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан Д.Анар, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарчээ. “Эм Жи Ө транс” ХХК-аас “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн арслан Э.Буянтогтоход олгосон бол уран дархан н.Гансүх “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг аймгийн арслан Ц.Төмөрцоожид тус тус гардуулсан юм. Нэрэмжит барилдааныг тохиолдуулан улсын манлай заан Д.Мягмарт МҮБХ, “Ховд” дэвжээ, Ховд аймгийн Улаанбаатар хот дах нутгийн зөвлөл, шавь нар, үе тэнгийн бөхчүүд, гэр бүл, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутаг усныхан нь хүндэтгэл үзүүллээ. Тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс барилдсан бүх бөхчүүдэд гарын бэлэг гардуулж, үзэгчдийн дундаас 9 азтай үзэгч тодруулан тус бүр 1.000.000 төгрөг гардууллаа. Мөн түрүү бөхийг 7 сая, үзүүр бөхийг 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүдийг 3 сая, наймд үлдсэн бөхчүүдийг тус бүр 1 сая төгрөгөөр байлсан байна. Барилдааны  Бичлэг үзэх