Монголын ахмад тамирчид дэлхийн мастеруудын өвлийн наадамд өнгөтэй наадлаа

Италийн Ломбардиад болсон дэлхийн мастеруудын өвлийн III наадамд Монголын ахмад тамирчид ОУХМ Ц.Оюунцэцэгийн удирдлага дор нийт 22 хүн өрсөлдөж, 15 медаль хүртсэн сайхан амжилтаар сар шинийн баяраа угтаж байна. 81 настай ОУХМ Б.Жалбаа гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн төрөлд мөнгө, 1500, 3000 метрийн зайд хүрэл медаль хүртсэн бол шорт трекийн 500, 1000, 1500 метрийн зайд уралдсан 38 настай О.Энхбат шагналт тавдугаар байранд шалгарчээ. Харин эмэгтэйчүүдээс 70 настай ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500, 1000 метрийн зайд хүрэл, 1500 метрт алтан медаль авч, 59 настай Р.Сарантуяа шорт трекийн 500, 1000, 1500 метрийн зайд хүрэл, гүйлтийн тэшүүрээр 10000 метрт анх удаа өрсөлдөн дэд байранд шалгарчээ. 64 настай Н.Эрдэнэтуяа 5000 метрт торолгүй түрүүлэв. Хоккейн тэмцээний 50 насны ангилалд Монголоос “Номадс”, “Нормаунт” баг оролцсон бөгөөд шилдэг тамирчнаар “Нормаунт” багийн хамгаалагч Т.Пүрэвсүрэн, “Номадс” багийн довтлогч С.Эрдэнэбат нар шалгарчээ. Мастеруудын наадамд дэлхийн 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдсөн байна. Тус наадам өмнө нь 2 удаа зохиогдоход Монголын тамирчид 2015 онд 9 медаль, 2019 онд 11 медаль хүртсэн бөгөөд энэ удаагийнхтай нийлээд манай улс 35 медальтай болжээ.