Монголын баг тамирчид Олимпийн наадамд оролцож эхэлсний 60 жилийн ойд
Тэртээ 60 жилийн өмнө 1964 оны 1-р сарын 29-ний яг энэ өдөр БНМАУ-ын баг тамирчид анхныхаа олимпийн наадамд, бүүр тодруулбал өвлийн олимпийн наадамд оролцохоор Австрийн Инсбрук хотыг зорьж байжээ. Өвлийн IX олимпийн наадамд манайхан эрэгтэй 10, эмэгтэй 3, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон түүхтэй. Гүйлтийн тэшүүрийн төрөлд МУГТ Ц.Лхамжав, МУГТ Л.Цэнд, МУГТ Л.Дашням, биатлоны төрөлд Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан, Т.Лхамсүрэн, гүйлтийн цанын эрэгтэй төрөлд Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй нар, эмэгтэй төрөлд Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов нар өрсөлдсөн байдаг. Тухайн үед Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг гүйлтийн тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 м-ийн зайд Ц.Лхамжав үзүүлсэн юм. 13 улсын 28 тамирчнаас тэрээр 20-р байрт шалгарч, Герман, АНУ, Канад, Нидерланд, Польшийн тамирчдыг ардаа орхисон амжилт нь одоо ч Монголын өвлийн олимпчидын оргил амжилт хэвээр байна.