Монголын боксчдын ялалтын салхи хагалсан анхны тулаан гайхамшигтай өндөрлөлөө. Дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ М.Энхжаргал Италийн боксчин мөн ДАШТ-ий хүрэл медальт Чарааби Сиринетэй гарааны тулаанаа хийхээр рингэнд гарч ирлээ. 2023 оны дэлхийн аваргаар Чарааби медалийн төлөө манай О.Есүгэнийг ялж байсныг уншигчид аль хэдийнээ мэддэг болсон. Харангын анхны дуутай зэрэгцэн Итали боксчин баруун гараар хатган, баруун зүүн шулуун цохилт нэмж итгэлтэйгээр довтолж эхлэв. Тэрээр солгой өрөлттөй, зүүн гарынх нь шулуун цохилтууд дажгүй оновчтой болж байв. Энэ байдлаа хэр удаан хадгалахыг харах л үлдлээ. Эхний нэг минут орчим өнгөрсний дараа манай Энхжаргал урд гарын хажуу, шулуун цохилтуудаар эхлэн дороос хажуу угсруулан завсаргүй довтолж эхэллээ. Үүнээс хойш нэг минут хиртэй угтуулсан цохилтууд нь зорилгодоо хүрч итали боксчин балмагдаж эхлэв. Эхний раундын сүүлийн 30 секунд манай боксчин давамгайлсан ч шүүгчдийн оноо ерөнхий агуулгаар 5:0-ээр Чарабигийн талд гарч ирлээ. Хүлээн зөвшөөрч байна. 2-р үе яг л нэгийн сүүлийн 30 секунд шиг давтамжтай болж, итали эмэгтэй контр цохилтуудаа ч хийж чадахгүй зуурч амиа тээж эхлэв. Тэр техник, хурд сайтай ч үнэхээр сэтгэл зүй муутай, дээрээс нь биеийн еранхий хөгжил сулхан боксчин юм. Зуурч барьж байгааг рингийн шүүгч ойр ойрхон сануулаад торгоход бэлдээд байхад л дахин дахин зуурсаар байв. Уг нь түүнд барьж, зуурахгүйгээр тулалдах чадвар бий, манай хүн боломж олгохгүй байна л даа. Рингийн шүүгч энэ раундад хоёр удаа торгууль өглөө. Нокаут л гардаггүй юм бол тулаанд хэн ялах нь нэгэнт тов тодорхой боллоо. 2-р үеийн дараах оноо бүх шүүгчдийнх 19:17 гэдэг нь итали бүсгүйд КО хийхээс өөр ямарч боломжгүй гэсэн үг л дээ. Диску болж торгуулиар хөөгдөх нь үү гэсэн бодол ч орж ирсэн шүү. Сүүлийн раундад манай хүн довтолсоор Чарааби амиа тээсээр өмнөх дүр зураг давтагдсаар дууслаа. Ийнхүү манай Энхжаргал эхний тулаанаа дэлхийн шилдэг боксчдын нэгтэй хийж, гайхалтай ялалтаар өндөрлүүлэн дэлхийн аваргад ялагдсан Есүгэний монгол хариуг хатуухан барилаа.

Бичлэг үзэх

М.Энхжаргалын дараагийн өрсөлдөгч эхний тулаандаа хий мөргөсөн байгаа ДАШТ-ий мөнгөн медальт, Европын наадам, Европын аваргын хос мөнгөн медальт, Румыны боксчин Перожок Лакрамиора. Түүнийг ялбал Их Британийн Европын аваргын хүрэл медальт, хүчтэй, техниктэй залуу боксчин Дэвисон Чарлийг 3:2-оор ялсан 2022 оны дэлхийн аварга Туркийн Акбас Хатайс ба энэ жингийн 3-т эрэмбэлэгдсэн Австралийн Эчегарая Тиана нарын хэн ялсан нь хүрэл медалийн төлөө тулалдана.

 

Эх сурвалж : Nainaa Tseelee

Гэрэл зураг : Монголын Үндэсний Олимпын Хороо – MNOC 

 

 

 

Парис-2024 маань эхэлчихлээ. Хөдөө явж байгаа учир мэдээлэл муу авч байна. Боксын тэмцээний оноолт харлаа. Манай хоёрт дажгүй гоё сугалаа таарчээ гэж бодож байна. Бүгд шигшигдсэн шилдэг боксчид байгаа учраас үүнээс хөнгөн сугалаа ховор. Гэхдээ дэлхийн эмэгтэй бокс хөгжөөд олон жил болоогүй учраас хэн ч гарч ирээд хэнийг ч ялчихаж магадгүй жигдхэн, тэнцүүхэн. Есүгэн медалийн чансаагаар 4 ба 5-д эрэмбэлэгдсэн Бразил, Австралийн боксчидтой нэг дор орсон бол Энхжаргал 3 ба 6-д эрэмбэлэгдсэн Австрали, Румыны боксчидтой хамт байна. ОУОХ-ноос чансаа тогтоохдоо ДАШТ-ийг тооцоогүй, зөвхөн олимпийн эрх авах тэмцээнүүдийг тооцсон бололтой. Манай М.Энхжаргал Италийн боксчин 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Европын наадмын 1/4 финалист, дэлхийн эхний тэмцээнээс эрхээ авсан Чарааби Сиринетэй тулалдана. Чарааби 2023 оны ДАШТ-ний 52 кг-ын жинд О.Есүгэнийг ялж байсан туршлагатай тамирчин. Чараабийг ялбал Энхжаргалыг Румыны боксчин Перижок Лакрамиора хүлээж байна.