Монголын дартсын шинэ од М.Тэлмэнг онцолъё

Сүүлийн үед манай өсвөрийн залуу дартсчид тив дэлхий, олон улсын томоохон тэмцээнүүдэд тун амжилттай оролцож байгаа. Тэдний нэг залуу тамирчин М.Тэлмэнгийн хамгийн сүүлд оролцсон олон улсын тэмцээнийг энд онцолж байна. Японы DartsLive брэндийн жил бүр зохион байгуулдаг софт дартсын хамгийн том олон улсын тэмцээн болох “Nippon Darts Festival-2024″ өнгөрөгч сард Токио хотод амжилттай зохион байгуулагдсан. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 8000-аад тамирчид энэ жилийн тэмцээн оролцсон байна. Энэ нь зөвхөн тэмцээн бус, жинхэнэ дартсын фестиваль наадам юм. Мөн хүмүүс янз бүрийн сонин этгээд хувцас, нүүр будалттай тэмцээндээ баяр хөөртэйгээр оролцож болдог онцлогтой. Энэ жилийн хувьд манай өсвөрийн шилдэг тамирчин М.Тэлмэн тэмцээндээ маш амжилттай оролцов. Эхний өдөр болсон нээлттэй хосын тэмцээнд нийт 128 хос өрсөлдсөнөөс залуу тамирчин маань аварга болов.
Харин тэмцээний дараагийн өдөр зохион байгуулагдсан үндсэн тэмцээний нэг болох 22 хүртэлх насны залуучуудын тэмцээнд гайхалтай тоглолтыг үзүүлэн түрүүлэн, жинхэнэ шуугиан тарьсан. Уг тэмцээнд 200-аад шилдэг залуус өрсөлдсөн бөгөөд тэмцээний хамгийн залуу тамирчдын нэг нь 15 нас хараахан хүрээгүй Монголын тамирчин М.Тэлмэн байв. Тэрээр нийт 10 тоглолт хийж, бүгдэд нь хожсноор аварга болжээ. Энэхүү тэмцээнд олон олон алдарт аваргууд түрүүлж байсан түүхтэй.
Тэмцээний гэрэл зургаас