Монголын хөл бөмбөгийн Премьер лиг, спортын хувцас хэрэглэлийн Келме брэндтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд Монголын Премьер лигийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр, Келме брэндийн албан ёсны франчайз эрхийг эзэмшигч “Грийн Амиго” ХХК-ийн ерөнхий захирал Н.Амартүвшин нар гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны Азийн АШТ-ий албан ёсны бөмбөг Келме брэндийн бөмбөгөөр Монголын Премьер лиг болон клубүүдийг хангах юм. Келме брэнд нь 1963 онд Испанид байгуулагдсан бөгөөд өдгөө таван тивийн 50 гаруй улсад салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн энэ үеэр Монголын Премьер лиг цахим худалдааны платформ shoppy.mn-тэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд Монголын Премьер лигийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр, Шоппи ХХК-ийн Маркетинг хариуцсан захирал О.Учрал нар гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны хүрээнд shoppy.mn платформ нь Монголын Премьер лигийн цахим тасалбарын борлуулалтыг хариуцан ажиллах юм. Цахим тасалбарын нэгдсэн системтэй холбогдсоноор хөл бөмбөгийн хорхойтнууд Монголын Премьер лигийн тоглолтын тасалбарыг хаанаас ч захиалан авах боломж бүрдэж эхэллээ.