Монгол залуусын мөрөөдөл болсон Солонгост нэг удаа Сэтгүүлчийн тэмдэглэл-3
6. Шар дээлтээс бэргэж суугаагаараа хонов
Дүүгийндээ ирээд угааж арчиж, амарч, тайвширч хэд хонов. Явах өдөр арай болоогүй. Хүү маань шалгалтаа өгөөд түмэн завгүй. Гадуур дотуур гарч, дэлгүүр хоршоогоор жаал явлаа.
Дэмий байхаар дахиад нэг ажиллаад үзье, хэдэн төгрөг олж, буцахдаа ч нэмэрлье, ер хүнд мөнгө юу илүүдэхэв, дахиад азгүйтнэ ч гэж юу байхав гээд өөрийгөө зөвтгөж, зоригжуулж аваад хашрахгүй дахин Тэрим ёгын өөр нэг гарцны ойролцоо байдаг самушилыг зорив. Уг нь буудал хийж үзмээр байсан ч дор хаяж сар түүнээс дээш хугацаагаар ажиллах, бас бага зэрэг ажил мэргэжлийн солонгос хэлтэй байх шаардлагатай байсан. Таньдаг буудал хийдэг хүнээ л бараадаж, дадлагажиж сурахгүй бол болохгүй. Яг энэ үеэр буудал, тэгбэ-ний баривчилгаа их чанга байж таарсан л даа. Мөн л 100 мянган воны хаалт шилжүүлээд Eumseon-г зорив. Энэ удаа хуванцар сав баглаа боодлын үйлдвэрт ажиллахаар хаяг аваад автобусаар явав. Хаа ч явсан очих хаягаа оруулаад MAP-аа хараад л явна. Чемодан бас хөөрхөн ачаа, чирч гулдруулаад надтай хамт солонгосоор тэнэж өгсөн дөө тээш минь. Хүний хэл мэддэг бол дуугүй байхгүй л байх, ам уралдаад л ярина.
Зааж өгсөн хаяган дээр очиход нэг хятад эрэгтэй машиндаа суулгаж аваад амьдрах байранд минь хүргэж ирлээ. Хаалганы кодыг хийж өгөөд, оруулж өгчөөд өглөө 6 цагт гарч ирээрэй гэж хэлээд яваад өгөв. Одоо бодохнээ жаахан айдас төрдөг. Ямар ч зоригтой юм, ер юу бодож санаж явсан юм бол гээд л. Бараг 4-5 өрөө байр. Нэг өрөөнд нь хэдэн орон дээр дүүрэн хөнжил овоолчихож, харин нэг өрөөнд нь хүн амьдардаг болтой, их тохитой, ор дэр матрас, толь болсон, арай дөнгүүр санагдсан өрөөг сонгож ороод гэрлийг нь асаатал ээ бурхан минь…ийм их жоомыг энэ насандаа хараагүй. Сэжиг хүрнэ гэдгийг утгаар нь мэдрэв. Одоо ч нүдэнд харагдаж, бие арзайлгадаг. Би бүтэхгүй ээ, бас хаана ирчвээ? Болоо ч үгүй энэ байр овоо өндөр түрээстэй, бас цалингаас суутгана гэсэн. Жаал зогсов, сууж ч чаддаггүй. Гараад явчмаар байсан ч цаг орой болсон, хот хоорондын автобусанд амжиж суухгүй байх. Тэглээ ч өглөөхөн гараад орой нь буцаад очно гэхээр байгаа айлаасаа хүртэл санаа зовно. Ичих булчирхай гэж бас байна. Удалгүй хаалга дуугараад нэг охин орж ирээд мэндэлчихээд л өрөө рүүгээ яваад орчихов. Хятад охин болтой, нэг их удсангүй, хамаг халаалт унтраагаад, тогны мөнгө их гарна гэж хэлчихээд л унтаад өглөө. Аа тийм бас жоом ихтэй шүү гэж анхааруулсан. Хэсэг шооконд оров. Өлсөж байсан ч юу ч идэж уусангүй. Хоол хоолойгоор яаж ч давахав. Арай гэж чемоданаа онгойлгоод цагаан хэрэгслээ гаргаад бушуухан хааж орхив. Маргааш ажилтай юм чинь унтаж амрахгүй бол болохгүй. Жоомоо чадлаараа цэвэрлэлээ, гэхдээ алаагүй. Шүүрдэж, гөвөөд л, өрөөнд байсан дэл сул зүйлсийг бүгдийг үүдний өрөө рүү чирч гаргав. Гал тогооны өрөө бүр аймаар.
Байрнаас нь нэг л юм хөдөлгөхөд арван зүгтээ бутран гүйлдэх том шар дээлтүүд. Дууссан жоомны хорны сав, цэвэрлээгүй сав суулга, сөжүний хоосон шил, бохирдсон аяга таваг. Ороо жоохон аялуулаад унтахаар хэвттэл толгой хөл, хана гээд жоом гүйхгүй газар ч алга. За за унтана гэж байхгүйм байна. Ингээд хувцастайгаа, хөлөө хучаад, унтаа сэрүүний хооронд арай гэж суугаагаараа өглөө болгоод хятад охинтой цуг хамт гарлаа.
Нөгөө хятад эрэгтэй машинтайгаа ирээд бид хоёрыг суулгахад машинд хэдэн залуус байна. Замаасаа нэмэгдсээр байгаад бараг 10-уулаа болов. Өчигдрийн хөдөлсөн байшингийн үүдэнд ирээд буулгатал тэнд зөндөө хүмүүс цугларчихаж. Барагцаагаар 50-60 хүн. Ёстой орон орны хүмүүс, өндөр нам, өргөн нарийн, хөгшин залуу.
Гартаа цаас барьсан хэдэн эрэгтэйчүүд хүмүүсийг харж байгаад л заагаад хэд хэдээр нь ийш тийш машинд хуваарилж суулгаад зарим нь хөдлөөд яваад өгнө. Цаг гаруй зогслоо. Өглөө эрт ирсэн болохоор даарч байна. Яг л боолын зах шиг санагдана. Бас гэнэт баривчилгаа хийхээр цагаачлалын албаныхан гараад ирвэл яанаа ч гэж бодогдож амжив. Хажууханд монгол охин зогсож байгааг анзаарч ямар учиртай газар ирээд байгаагаа асуухдаа самушилаас самушил руу хаалт өгч ирснээ мэдэж авав. Бас л хууртагджээ. Энд өглөө бүражиллахыг хүсэх хүмүүс тал бүрээс цуглаад азтай байвал ажилд гараад зарим нь гэртээ харьдаг гэнэ. Ашгүй дуудагдаад, нөгөө охинтойгоо хамт нэг үйлдвэр дээр ирлээ. Нарийн ногооны үйлдвэр. Хоёр ч үйлдвэрт ажилласан бөөн туршлагатай хүн хувцасаа сольж өмсөөд яваад л орчихов. Нүдэнд дулаахан, намуухан дуутай эмэгтэй ирээд дагуулж яван хийх ажлыг минь заагаад өгсөн нь нарийн ногоо савлаж, жинлэх ажил. Хөнгөн, амархан ажил. Гэсэн ч би ч аль болох л хурдтай сандруу маягтай ажлаа хийж байтал солонгос эмэгтэй намайг тайван байхыг зөвлөж, хайш яайш өмссөн миний бээлий хувцсыг засаж өгч инээхэд хичнээн дотно сайхан санагдсан гээч. Өмнөх үйлдвэрийн дарамт айдас хүйдсээс салж чадаагүй л явж. Солонгосын хоёр үйлдвэрийн тэнгэр газар шиг ялгаа. Энэ үйлдвэрт настай, хятад эмэгтэйчүүд олон байсан. Цайны цагаар бас л хувцас солих өрөөнд бөөгнөрөөд, хөлөө жийгээд сууцгаана. Би өглөө хүүдий өмсөөд ирсэн биед нэг л тав тухгүй, нөгөө солонгос эмэгтэй бас л анзаарч, шүүгээнээсээ надад цахилгаантай арай нимгэвтэр цамц гаргаж өгөөд өмсүүлэв. Хоол бас л амттай, хүн бүрт иогурт өгөв. Ажлын дараах үйлдвэрийн цэвэрлэгээг бол гялалзуулав, гарт орчжээ бүр. Сайхан ажил, сайн хүнтэй таарч, энэ өдөр сэтгэл хангалуун ажлаа дуусгав. Хамт ирсэн охин эгчээ, хурдлаарай, машинаасаа хоцорч болохгүй гэнэ. Гүйхээрээ гартал нүдэн дээр маань шахуу машин хөдлөөд явчихав, еэ балар. Энэ газар автобусны буудал ч алга. Харин охин энд суурин болохоор эгчтэйгээ яриад, цаг хүлээсний эцэст нөгөө хятад эрэгтэй буцаж ирж авав. Замын хашлаган дээр харуй бүрийд хоёр эмэгтэй, охин ч надтай нэг их юм ярьсангүй. Хэрвээ би ганцаараа байсан бол бодохоос аймаар. Замд хоёр эмэгтэй машинд орж ирж суусан нь монгол. Лав миний араас ирж байгаа удаах “хулхидуулагчид” байх. Хоёр бүсгүй маань өнөөх их жоомыг хараад орь дуу болов. Явья, буцья, ийм муухай газар хонохгүй шүү л гэжийн. Арай залуухан нь нөхөртэйгээ яриад, нөхөр нь ч боль буц гэнэ. Би ч угаасаа орой очоод буцна даа гэж бодож байсан болохоор ямар ч сав баглаа боодлын үйлдвэр байхгүй, бүгдээрээ хууртагдсан бололтой гээд өнөөдрийн болж өнгөрсөн бүхий л зүйлээ ярив. Энэ газар ерөнхийдөө үйлдвэрийн дүүрэг болтой. Хэд хэдэн самушилтай гэж дараа нь сонссон. Өдрийн арбай хийхээр ийшээ ирдэг хүмүүс ч байдаг гэнэ. Samseongmyeon Eumseon гэхээр мэддэг юм билээ.
Гадаа харанхуй болсон, юутай ч гурвуулаа гарч нэг юм идээд ирье гээд ойрхон 24 цагийн дэлгүүр орж гоймон идчээд буцаад иртэл дахиад хоёр монгол эмэгтэйг үлдээгээд явчиж. Муухай байрныхаа түрээсийг бид таваас бүр хэд нугалж аваад баяжихнээ, уур ч хүрэх шиг. Хүн бүрээс 200 мянган вон. Ингээд тавуулаа болж аваад, бүгд санал нийлээд, жоомтой байшингаас чемоданаа чирээд гарцгаав. Харанхуй шөнө хаачих гэж байгаан бүү мэд, харсан зүг рүүгээ л алхацгаав. Ханиндаа олуулаа айх ч зүйлгүй, ямартай ч буудал ч болтугай олж хоноод өглөө Сөүл явья гээд л. Тэгсэн нэг монгол залуу дөхөж ирээд энд түрээсийн байр ямар үнэтэй байна? гэж биднээс асуув. Хамт явж байсан бүсгүй маань “хүүрээ, чи энд юу хийж яваам бэ” гэж орилоод л таньдаг хүнтэйгээ таарчээ. Нөхрийнх нь найз байж. Аз гэж энийг л хэлдэг байх. Б гэх залууд бид учир явдлаа хэлж тэр ч биднийг амьдардаг байрандаа хоноод яв гээд. Гэр рүү нь алхаж явах замдаа гүй ээ нээрээ сонин шүү нөгөө хятад эртэй тааралдаад, солонгос хэл устай манай залуу биднийг муухай жоомтой байранд орууллаа, тиймээс буцлаа гээд ширүүхэн хэлж амжив. Өмөөрөх, хамгаалах хүнтэй болцон бид чинь бөөн өөдрөг бүсгүйчүүд. Нутгийн залуугийнд бууж, сайхан халуун хоол ундаар дайлуулсан таван бүсгүй сонин сайхнаа ярилцацгааж, танилцаж, хууч хөөрсөөр, багахан унтаж амраад өглөөг угтав.
Найзтайгаа таарсан сэргэлэн хөөрхөн бүсгүй хотынх, нэгэн барилгын компанид ажилладаг, одоо хүйтний улиралд ажил багасаад солонгост аялахаар ирээд ганц нэг ажил хийж үзжийн гэнэ. Чонсу хийсэн, дажгүй сурч байгаа, буцаж очоод аваад гарья, хийж үзээрэй гэв. Мөн л хэлсэндээ байж яг намайг буцахын өмнөх өдөр холбогдоод хамт ажилд гарья гэсэн шүү. Харин сүүлд ирдэг хоёр бүсгүй гэрээний ажлаа дуусгаад удахгүй нутаг буцах гэж байгаа. Өөр ажил хийх хориотой ч визээ дуусч харихаасаа өмнө цөөхөн өдөр ажиллачих санаатай нааш зорьж иржээ. Бүгдээрээ л тэр самушилд хаалт өгсөн, очиж буцааж олж авна даа гээ л. Гэрээний ажил нь хөдөө ногоо хураалтан дээр таарч, хүнд бэрх ажил хийж байсан тухайгаа, гэрээний ажлын цалин хөлс бага гээд л ер элдвийг ярилцав. Ер нь Солонгост амар ажил гэж байхгүй, хар ажил нэгэнт хийгээд эхэлсэн бол зав чөлөө байхгүйг хүлээн зөвшөөрч амьдарна, боломж гарвал бушуухан л унтаж амарна, дуртай зүйлдээ цаг гаргаж чаддаг болтол нэлээд их цаг хугацаа шаардагдах юм байна гэж би л хувьдаа дүгнэсэн. Энд ажилласан өдрүүддээ утсаар ярих, мэссеж чат бичих ч завгүй байсан гэхээр өөр бусад зүйлсийн тухай бүр дурсаад ч хэрэггүй. Уг нь би чинь бичих ажлаа хийнэ, хэлээ давтана гээд хэдэн дэвтэр, ном, бал үзгээ чирээд л явсан, хүсэхэд хясна гэгч л болсон доо.
Өглөө нь Б-д би нэг өдөр ажилласан цалингаа олж авч чаддаг болов уу гэхэд би аваад өгнөө, санаа зоволтгүй гэсэн, хэлсэндээ ч хүрч, хоёр өдрийн дараа л над руу ярихдаа цалинг шилжүүлүүлсэнээ дуулгасан, үнэхээр их баярласан. Нэг өдөр жоомтой хонуулсан мөнгөө суутгаад авцан байсаан, нөгөө хятадтай самушил. Дүүгийндээ очсоны дараа Сөүл глобал төвийн монгол зөвлөхтэй холбогдож, самушилд хулхидуулсан тухайгаа хэлж, хаалтын мөнгийг минь буцааж авч өгч туслах боломжтой эсэхийг лавлав, тусалсаан хаалтын мөнгийг минь аваад өгсөн. Тусламж хэрэгтэй болж, аргаа барахын цагт хаана хэнд хандахаа бас мэддэг баймаар юм билээ.
Хүний нутагт алхам тутамдаа л сайхан сэтгэлт монголчуудтайгаа хувь ерөөлөөр учирсандаа талархаж, тусалж дэмжсэн хүн бүрт баярлаж, сайхан монгол бүсгүйчүүдтэй найзалж нөхөрлөн, сэтгэлээрээ, итгэлээрээ дүүрэн явав. Хүү минь харин юу гэсэн гээч, ээж минь та монголдоо байж байвал би сэтгэл амар байх юм байнаа, энд хаана юу хийж яваа нь ч мэдэгдэхгүй алга болоод, их санаа зовоолоо шүү гэв.
7. Солонгост ажиллахыг хүсэхгүй
Гэртээ харих өдөр ирлээ. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг. Солонгост ажиллаж өнгөрүүлсэн өдөр хоногууд олон ч зүйлийг ойлгуулж, ухааруулж, богц дүүрэн дурсамжтай, тархи дүүрэн сургамжтай, энэхэн биенд минь ахадсан “адал явдалтай”, амжилттай бас сонирхолтой аялал боллоо. Надад тохиолдсон бол бусдад тохиолдоно гэсэн үг биш, үнэндээ дайсандаа ч хүсэхгүй. Энд хараар байна уу албан ёсоор байна уу сурч ажиллаж, амжилттай амьдарч байгаа олон олон монголчууд бий. Бүгд л өөрийн түүхтэй, өгүүлэмжтэй, магадгүй над шиг “паянтай” ч байж мэднэ. Зүгээр л хүний газар “ядрах”-ын цагт нутаг нэгтэнтэйгээ таарахад хязгааргүй баярладаг юм билээ. Монголчуудаа хайрлах, хүндэтгэх сэтгэл улам их болсон.
Хэр их үнэ цэнэ, хичээл зүтгэл, хүч хөдөлмөр, золиос, зориулалтаар сайхан амьдрал, сайхан ирээдүй ирэхийг хэмжих, дүгнэх боломжгүй ч өнөөдрийг өөрчлөх, сонголтоо зөв хийх боломж нь бидний зүрхэнд, тархинд хором бүрт байдаг. Мөнгө, солонгос хоёр мөрөөдөл болсон өнөө цагт хүний нутгийг зорихоор шийдвэрээ гаргасан бол хаашаа юунд тэмүүлж байгаагаа заавал эргэцүүлээрэй, залуусаа. Хэл сур, өөрийгөө хөгжүүл, тэгвэл дэлхий чиний өмнө нээлттэй. Миний сэтгэлийг эмзэглүүлсэн ганцхан зүйл бол залуус бүгд хэл мэдэхгүй нь байж болох хамгийн том бэрхшээл нь санагдсан. Би хувьдаа “тэбо” техникийн боол/, “хэбо” /хэлний боол/ болохгүйг хичээж явдаг хүн л дээ. Гэтэл зарим залуусаас илүүрхэж байсандаа “ичиж” байсан шүү. Хэлтэй бол хөлтэй гэж үнэн үг шүү.
За тэгээд авах мөнгө нь сайхан ч олох зам нь амаргүй. Эцэстээ буруу замаар будаа тээж яваа хүмүүс ч олны дотор цөөнгүй байгааг дуулж, харж л явлаа. Шантарч цөхрөөд гэртээ буцсан оюутан залуус ч багагүй.
Солонгос сайхан улс ч хүний нутгийн өдрийн өнгө нь хүртэл чиний сэтгэлийг дагаж өөрчлөгддөг юм билээ. Ахиад олон удаа очихыг хүсч байна, хүүтэйгээ олон гайхалтай дурсамжуудыг бүтээнэ, харин “ажиллахыг хүсэхгүй”.