Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа анх удаагаа тоглолтоо толилуулав

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга 2023 оны 10-р сарын 11-ний өдөр Версалийн ордны Хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийлээ. Тоглолтыг Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, БНФУ-ын Европ, Гадаад хэргийн сайд Катерин Колонна зэрэг францын төр, нийгмийн зүтгэлтнүүд, Парист төвтэй олон улсын байгууллагын удирдлагын төлөөлөл 600 орчим өндөр албаны зочид урилгаар үзэв. Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа өөрийн урын сангаасаа үндэсний, ардын болон сонгодог төрлийн 15 бүтээлийг толилуулсан нь үзэгч олны талархлыг хүлээсэн бөгөөд тус театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болсноороо онцлог юм. Морин хуурын чуулга энэ сарын 14-ний өдөр БНФУ-ын Нант хотын консерваторын тайзнаа мөн тоглох аж.