Алдарт Алла Пугачёва ид мандаж байх үедээ олимпийн цэнгэлдэхэд нийт 12 тоглолт хийхэд үзэгчид ханасан байдаг бол энэ рекордыг 17 хүргэсэн нэг хамтлаг байдаг. Алдарт Майкл Жексоныг 1996 онд Москвад ирж тоглоход 32000 билет зарахаар тооцсон ч тоглолт эхлэхэд хэдхэн хоног үлдээд байхад ердөө 7000 зарагдаж, одоо яах билээ гэж сандарч, нэгэн хамтлагийг урья гэж тохироод нэрийг нь зарлахад нэг өдөрт 17000 билет борлогдож хүнд байдлаас гарч байсан түүх бий. Та бүхэн “Энэ ямар хамтлаг вэ” гэж сонирхож байгаа байх. Энэ бол 14-15 насны хөвгүүдээс бүрдсэн “Ласковый май” болохыг гадарласан байж магад. Хамтлагт гоцлон дуулдаг дуучдаас хамгийн тод од нь Юрий Шатунов юм. Түүний дуулсан дуу бүр хит болсноос “Белые розы” дуу нь өнөө хэр үнэ цэнээ алдаагүй хит хэвээр байна.
1989 оны бичлэг :
[embedyt] https://www.youtube.com/watch?v=CTpyz63q-6c[/embedyt]
Хар залуугаараа 29-хөн насандаа бурхан болсон ээжийгээ 11-хэн настай хүү хөдөөлүүлж, удалгүй Оренбург хотын өнчин хүүхдийн асрамжийн газар иржээ. Тэнд дуулах авъяас нь танигдсан Юра хүүг Москвад авчирч, шоу бизнест оруулжээ. “Ласковый май” бол 1990-ээд онд Орост бие даасан чөлөөт уран бүтээл ямар том амжилтанд хүрч болохыг харуулсан амьд түүх билээ. Жишээ нь Эрхүү хотод болсон тоглолтын дараа орлогын мөнгө нь фургон машин дүүрч байсан гэдэг. Хамтлагийг хэн анх үүсгэн байгуулсан, гишүүд ямар үүрэгтэй байсан талаар багагүй маргаан явж ирсэн. Олонд хүрсэн хит дуунуудыг хамтлагийн гишүүн Сергей Кузнецов зохиосон байдаг ч архины хамааралтай болсноор хамтлагаасаа гарсан. Андрей Разин ерөнхийд нь санхүүг нь зангидан, бас Бари Алибасов хүртэл продюсер байсан гэж яригддаг. Үүнийг энд хөндөхийг зорьсонгүй. Харин гоцлол дуучин Юрий Шатуновын талаар товч бичихийг зорилоо. Бурхан түүнд авъяасаас гадна ухаан заяажээ. Тэр бол маш энгийн, даруухан, амьдралаа өөрөө босгож яваадаа сэтгэл хангалуун хүн юм. Түүнийг шүтэн бишрэгч сэтгэцийн өвчтэй фанат амь насанд нь хүрэхээр завдсан тохиолдол гарснаар хамтлаг тоглолтоо хийхээ зогсоож, улмаар тэр ч хамтлагаа орхисон байна. Хамтлагаас гарахад насанд хүрээгүй Юра хүүгийн дансанд 10 сая рубль байсан. Тэр үед хүмүүсийн сарын дундаж цалин ердөө 60 рубль байсан гээд бод доо. Мөнгөний үнэрээр хар нялхад нь хаяад явсан гэж л сонссон, хэзээ ч өөрөө харж байгаагүй аав, түүний эхнэр/хойд ээж/ гарч ирсэн байх жишээтэй. Амьдралын хүнд хэцүүг өөрийн биеэр амсаж, туулж, хэрсүүжиж, ухаажсан Юрад энэ ердөө сонин биш байв. Тэр мөнгөтэй болоод бусдын адил биеэ тоож, хөнгөн амьдрал хөөж зугаацсангүй. Харин өөрийгөө хөгжүүлэн, амьдралаа босгохыг зорьжээ. Анхны харцаар дурласан бүсгүйтэйгээ гэр бүл болж, одоо 2 хүүхдийн аав болж тэгш сайхан амьдарч, уран бүтээлээ туурвисан. Түүний төрсөн өдрийн ТВ програмын дор 7,5 сая хүн сэтгэгдэл үлдээснээс нэг ч хүн түүний талаар муу үг дурьдаагүй байсан гэснийг уншаад үнэхээр бахархав. Тэрээр “Би ямагт өөрөөрөө л байж ирсэн. Ер нь бол би сайн дуучин биш. Зүгээр л эмоцио хүнд хүргэж. чаддаг байх. Заримдаа надаас нэг дуугаа олон дахин дуулахаас залхдаггүй юм уу гэж асуудаг. Харин та нар нэг дууг олон дахин сонсохоос залхдаггүй юу гэж би хариу асуудаг. Хүмүүс юу хүсч байна, түүнийг л би хүргэдэг” гэсэн удаатай. Тэр хамтлагаасаа гараад бие даасан уран бүтээл хийж, хүмүүстэй хамтарч дуу бичиж, дуулдаг нь олонд хүрсэн. Эхнэр нь Германы харъяат орос гаралтай бүсгүй учраас гэр бүлээрээ Германд амьдардаг ч өөрөө Оросын иргэн тул уран бүтээлээ Москвад хийж, хоёр улсын хооронд байнга явдаг гэв. Найзууд нь Юраг асар их гэгээлэг, муу хүн түүнд ойртох ямар ч орон зай байдаггүй гэж магтдаг. “Би гэр орондоо найз нараа байнга урьдаг. Яагаад гэвэл би тэдэнтэй уулзахыг хүсдэг учраас. Иймд миний хүссэн хэн боловч манайхаар зочлох л болно” гэсэн нь их энгийн, сайхан сонсогдож байгаа биз. “Би хүнд хүрч таалагдаж байвал надад сайхан, таалагдахгүй байвал бас сайхан. Яагаад гэвэл би хүн бүрд таалагдах боломжгүй” гэсэн нь ч үнэн үг билээ. Телевизийн нэвтрүүлэгт уригдаж ирсэн зочдоос Оренбург хотын өнчин хүүхдийн асрамжийн газрын дарга байсан, хоёр дах ээж гэж бодож явдаг Казах эмэгтэйг амьдралд нь гэрэл гэгээ оруулж өөрчилсөн хүн гэж ихэд хүндэлдэг байв. Хүнд ингэж сайхнаар дурсагдаж явна гэдэг ямар ч гавьяа, шагналаас илүү юм даа. Аан тийм, олон зуун сая дэмжигчидтэй, сая сая хүний сэтгэл зүрхэнд хүрдэг Юрий Шатунов бол ОХУ-ын гавъяат жүжигчин биш, зүгээр л певец буюу дуучин хүн.
Юрий Шатунов/1973 – 2022/ ЗХУ, ОХУ-дуучин, “Ласковый май” хамтлагийн гоцлол дуучин
Тэр 1973 оны 9- сарын 6 нд ЗХУ-ын Башкирийн Кумертау хотод төрж, 2022 оны 6- р сарын 15 нд зүрхний шигдээсээр өөд болсон. Түүний аав Василый Владимир Клининко, ээж Вера Гавролны Шатунов. Аав нь 23, ээж нь 18 настайдаа гэрлэцгээсэн. Аав хүү хоёрын харилцаа хөндий хүйтэн байсан тул Юрий ээжийнхээ овгийг авсан. 3 настай байхад нь аав ээж нь салсан. Мөн өвөө нь нас барснаар хүү эмээ дээрээ 4 настайгаасаа өссөн. 1977 онд Юрий ээжтэйгээ хамт Саволыско тосгонд очсон. Хэсэг хугацааны дараа ээж нь хүнтэй сууж, хойд эцэг нь архи хэтрүүлэн хэрэглэдэг байсан учир Юрий гэрээсээ зугтаж хамаатныхнаараа хэсэн, эмээ дээрээ зугтааж очдог байж. 1980 онд Растара авторадио тосгоны сургуульд орсон. 1984 онд 11 настайд нь ээж нь хүнд өвчин туссанаар тэр оныхоо 9-р сарын 1-нээс Кумертагийн асрах сургуульд орсон. 1984 оны 11-р сарын 7 нд ээж нь бурхан болсон. Аав нь тоодоггүй байсан тул ээжийнх нь эгч Нина Гавролный өсгөх болсон ч тэнд тэр идээшээгүй. Юрий мөн л оргож, 1984-1985 он хүртэл Башкир ба Ореганбург хавиар галт тэрэг, вокзал хавиар тэнэж явдаг хүүхэд байжээ. 1985 оны 11-р сард Ореганбург хотод Юрий Шатуновын хувьд гэнэтийн зүйл болсон. Тэнэмэл хүүхдүүдийг олж аван, хүүхдийн хөгжил хариуцсан комиссын хурлаар хүүхдүүдийн хувь заяаг шийддэг. Тэнд Буллак Ак Буллак тосгоны асрах сургуулийн захирал Валентина Никалай Тазикинатай танилцаж, захирал Юрийг эвдрээгүй хүүхэд байна гэж үзэн, комиссынхонтой ярилцаад, өөрийн асрах сургууль руу авч явсан. Дараа нь 1986 оны 11-р сард Ореганбург хотын бас нэгэн хүүхдийн асрах сургуулийн захирлаар томилогдож очихдоо Юрийг бас лавч явсан байдаг. Уг сургуулийн уран сайхны удирдаач Сергей Кузнецовтой танилцсанаар тэр “Ласковый май” хамтлагийг байгуулж, Белые Розы гэх мэт дууг зохиож өгсөн хүн гэж яригддаг. Гэхдээ хамтлаг нь албан ёсоор байгуулсан гэх ямарч баримт байдаггүй гэдэг. Сургуулийн дэргэдэх жирийн л жижиг хамтлаг оршин тогтнож байсан. Сергей нь 1986-1988 онд асрах газартаа, хотдоо хит дуунуудаа альбом, кассет болгон төмөр замын вокзал, ТҮЦ-ээр борлуулан, мөнгө болгодог байжээ. 1988 онд Мираж хамтлагийн менежер байсан “Москвагийн олон нийтийн рекорд” гэдэг дуу бичлэгийн захирал Андрей Разин гэдэг хүн галт тэргэнд санамсаргүйгээр Юрийгийн бичлэг сонсонгуутаа шууд л бууж, хүүг хайн Ореганбург хотын асрах газарт нь ирэхэд тэр мөн л зугтаасан байжээ. Ингээд Сергей Кузнецов Констатин Пахонам нар 9-р сард хүүг хайсаар олж, Москвад “Бүх холбоотын дуу бичлэгийн студи”-д авчирч, студийн дэргэдэх “Ласковый май” хамтлаг байгуулагдсан гэж ч ярьдаг. Нэг ёсондоо ЗХУ-ын асрах газраас үүссэн өнчин хүүхдүүдийн анхны хамтлаг бий болсон түүх ийм.
2019 оны бичлэг :
[embedyt] https://www.youtube.com/watch?v=BF0CmXdxV6U[/embedyt]