Н.Жанцанноровыг 1988 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хороог даргалж байх үед нь “Хөдөлмөр” сонины сурвалжлагч Н.Лхагва, Г.Донид нар уулзаж ярилцлага хийсэн байдаг. Тэрээр ярилцлагадаа “Миний амьдралын орь хүсэл”/кредо/ бол бүтээл л шүү дээ” гэж хариулсан байдаг. Энэ үедээ Н.Жанцанноров хийл, морин хуурт зориулсан сонат, I симфони , “Мандухай цэцэн хатан” киноны хөгжим зэргээ хийчихсэн байсан үе. Төрийн анхны шагналаа ч аваагүй, цэл залуухан байсан цаг. Н.Жанцанноров “Монголын гайгүй хөгжмийн зохиолч болох юмсан л гэж бодоод яваад байсан”-аас биш илүү холыг бодож явсангүй. Нэгэнт социализмын үе болохоор “Орь хүсэлдээ шатаж , дэлхийн хүн болно” гэж дэвэхэд хэцүү байсан үе. Тийм ч учраас 2016 онд “Би дэлхийн хөгжмийн зохиолч болъё гэж бодоогүй. Энэ нь буруудсан юм билээ. Гэхдээ өөрийнхөө хүссэн түвшиндээ хүрсэн. Социализмын үе учраас өөрөөр ч яах билээ. Тийм учраас гайхаад байх юм байхгүй” /”Монголын мэдээ” 2016 он 51-р/ гэж ярьсан нь бий.
Үнэхээр Н.Жанцанноров энэ үеийн хөгжмийн зохиолчдын ялгарсан авьяастнуудын нэг. Товчоор хэлэхэд хөгжмийн бүтээл, уран сайхны сэтгэлгээгээрээ Өлзийтөд төрж, Өвөрхангайд өсөж, Монголд алдаршиж, дэлхийд танигдсан хүн гэж болно. Харин Н.Жанцанноров “Намайг магтмаар бол бусдад ярь. Би баярлана. Харин муулмаар бол өөрт минь хэл” гэх буюу “…Чи юу хүснэ вэ, түүнийгээ хийж, бүтээж чадсан гэж үзэж байгаа бол тэр чинь хангамжтай амьдрал. Энэ үүднээс би өөрийгөө хангамжтай амьдралтай хүн гэж үзэж байгаа” гэж товч өгүүлдэг. Нэгэнтээ “Өнөөдөр” сонины сурвалжлагч Ж.Эрдэнэцэцэг гэдэг бүсгүй Н.Жанцанноровтой томоохон хэмжээний ярилцлага хийхдээ түүний онцгой гэмээр хэд хэдэн шинж чанарыг тэмдэглэсэн байлаа. Үүнд: “Ингэж шигшигдэж үлдсэн олон арван бүтээл хийсэн хүн агуу л байж таарна. Гэхдээ энэ хүн/Н.Жанцанноров/ өөрийгөө тэгж боддоггүй. Бүр тийм гэдэгтээ ч эргэлздэг ч юм шиг” гэж тэмдэглэсэн. Энэ бүгдээс үзэхэд Н.Жанцанноров хөгжмийн уран бүтээлдээ үнэн сэтгэлээсээ шунан дурлагч, олсон амжилтандаа хэзээ ч сэтгэл ханаж, алгуурлаж байгаагүй мөнхийн эрэлч хүн юм. “Би хийх ёстой юмаа л хийгээд байвал цааш харахдаа ч сэтгэл хангалуун байх болно” гэж эргэлт буцалтгүй ухаарсан хүн. Иймдээ ч Н.Жанцанноров “Монголын соёл урлагийн төлөө би зүтгэнэ. Зүтгэн зүтгэх болно” гэж андгай тавьсан юм. Тэр ийм л бүтээлч, уйгагүй хөдөлмөрч мөнийн дээр гайхамшигтай ариусч гэгээрсэн хүн гэж хүмүүс үздэг. Мөн л сурвалжлагч Ж.Эрдэнэцэцэг “Түүний амнаас муу гэдэг үг ер цухуйхгүй юм… Угаас хийж буй үйл нь агуу, хүрээ нь уудам болохоор шалдар бульдар дэмий зүйлсийг сэтгэл болон сэтгэлгээнээсээ шүүрдчихдэг биз” гэж өөрт төрсөн сэтгэгдлээ товчхон тэмдэглэсэн байдаг. Н.Жанцанноров угаас малчны хүүхэд учраас буяны “цагаан толгой”-г эрт нүдэлж, нүглээс ангид орших утга учрыг эрт ойлгосон гэж болно. Түүнийг 3 настай байхад Бэйлийн хүрээнд сууж байсан Балбар зурхайч зурж үзээд , “Манай хүрээний ширээт ламын хойд дүр юм байна” хэмээн багшийнхаа сахиусыг зүүж өгсөн гэдэг. Улмаар Ширээт лам Норовжанцангийн нэрийг зөв урвуулан , Жанцанноров хэмээх нэрийг хайрлажээ. Аав ээж хоёр нь нутгийн сүсэгтэн олны хүндлэлийг бодож хүүгээ бузраас хол, буянд ойрхон өсгөсөн байна. Хэдийгээр социализмын үе байсан ч нутгийн хөгшчүүд Жанцанноровыг “багшийн минь хойд дүр” хэмээн сүсэглэн мөргөж адис авдаг байсан нь саяхны явдал. Аав ээжийнхээ болон ард олны хүндэтгэлийг ингэж хүлээсэн учир бага балчраасаа ариун ном эрдмийн мөр хөөсөн замаар явахаас өөр эрхэм үйлс юу байх билээ.
Н.Жанцанноров багаасаа уртын дуу сонсож, айраг бүлж, адуунд явж, хуруудаж дэмбээдэж, нүүдэлчний хүүхдүүдийн гэрийн хүмүүжлийн сонгодог хэв маягаар хүмүүжсэн хүн. Тийм учраас тэр хорио цээрийг мэднэ. Хараал хэлэхгүй. Хэрүүл тэмцэлд оролцохгүй. MGL-Radio.com, MGLRADIO FM 102.1 долгионы хөтлөгч, редактор Х.Доржпаламын “100 асуулт, 100 хариулт” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Би хүнтэй хэрэлдэж чадахгүй. Хэрвээ жаахан зөрөлдвөл энэ хүнтэй чинь зөрөлдөөд хэрэггүй юм байна гэж бодоод тэр хүний зөв байх тал руу нь оруулаад дуусгадаг”, “Би хараалд дургүй”, “Миний уулзсан хүмүүсээс хамгийн алдартай нь XIV далай лам” гэх зэргээр товч хариулсан. Энэ хариултуудын цаанаа түүний дотоод гэгээрэл, сэтгэлийн боловсрол ямар нэг хэмжээгээр харагдаж байна. Улмаар Н.Жанцанноров дээрх хөтлөгч, редакторын “Та яг юунд зориулагдсан хүн бэ” гэсэн асуултанд “Би та нарт л зориулагдсан биз дээ. …Оюун ухаанаас гарсан бүтээлүүдээ би та нарт зориулсан. Нэг нь ч надад зориулагдаагүй. Би хүнд л зориулагдсан хүн. Ер нь хүн хүнд л зориулагддаг байх” гэж зөв зорилго чиглэлтэй хүний амьдралын утга чанарыг тодорхойлон хариулсан. Үнэхээр хүн бусдын сайн сайхны төлөө бүх авьяас билиг, оюун ухаанаа зориулж , тэдний хайр хүндэтгэлийг хүлээж явах шиг жаргал юу билээ. “Бусдын зүрх сэтгэлийг би л гийгүүлж гэрэлтүүлэхгүй юм бол хэн гэрэлтүүлэх юм бэ” гэсэн андгай мэтийг өөртөө тавьж, сэтгэлийн гүн боловсролыг олж авсан Н.Жанцанноров сэрүүн л байгаа үедээ чөлөөт цаг гэдгийг гаргалгүй хөдөлмөрлөдөг хүн. Тэр сонинд өгсөн ярилцлагадаа “Би илүү жаргаж болох л байсан. Хөгжим нүдэж, цаас нухаад л өөрийгөө улам бага тойрогт оруулаад, бусдаас хаагаад нэг нүхэн дотор байвал аз жаргалтай юм шиг. Бодсоноороо зүтгүүлээд байхаар болоод байгаа юм шиг”, “Бидэнд тийм юм/чөлөөт цаг/ байдаггүй болохоор огт ойлгодоггүй” гэж хариулсан. Үнэхээр “Ихийг хүссэн хүнд амар тайван цаг гэж байдаггүй юм” гэсэнтэй дүйж байна.
Нэг үе Чой.Лувсанжав гуайг сэрүүн тунгалаг байхад нь “Хоногт 25 цаг ажилладаг хүн” гэж орос эрдэмтэн нөхрийнх нь үнэлснээр хүндлэн хэлэлцдэг байсан. Түүн лугаа ижил Чой.Лувсанжав агсны нэг голын хүү нэрт хөгжмийн зохиолчийг мөн л “Хоногт 25 цаг ажилладаг” гэхэд буруудах аргагүй юм. Түүний гэрч баримт болгож цөөн зүйлийг энд дурдъя. Н.Жанцанноров 1979 онд I симфоноо бичсэнээс хойш “Их талын дуун”, “Тэнгэрийн зарлиг”, “Мэргэнд буусан шагай”, “Цагаан суварга” симфони, оратори болон бүжгэн жүжгийн хөгжим олон арвыг туурвив. Мөн 1988 оноос хийл, морин хуур, төгөлдөр хуурын симфони, найрал хөгжмийн концерт, морин хуур, ятгын симфони найрал хөгжмийн концерт, ёочин, шанз, хуучрын концерт зэргийг бичиж тоглууллаа. Дээр нь Н.Жанцанноров 500 гаруй нийтийн дууны хөгжим бичиж дуулуулан, монголын дууны урын санд үнэтэй хувь нэмэр оруулав. Энд тэмдэглэхэд Н.Жанцанноровын зохиолын дуунууд аялгууны хувьд төгөлдөр, хүний сэтгэлд гүн шингэдэг учир хэзээ ч хаягддаггүй нь гайхмаар. Үнэхээр түүний дуунууд аялгууны онцгой нууцлаг чанартай гэж болно. Дээр дурдсан бүтээлүүдээс гадна 10 гаруй жүжгийн хөгжим бичиж, нийтийн хүртээл болгон, мөн 20 гаруй киноны хөгжим бичиж, ямар хосгүй авьяастай хөгжмийн зохиолч болохоо харуулсан юм. Төр засаг түүний хөдөлмөрийг үнэлж, 1989 онд “Мандухай цэцэн хатан” киноны хөгжмийг бүтээсний төлөө, 2000 онд “Цагаан суварга” зэрэг шилдэг бүтээл туурвисан учир тус тус төрийн шагнал олгосон билээ.
Н.Жанцанноров өөрөө бүтээл турвиад түүнийгээ л түмэнд хүргэн сурталчаад явдаг “довоо шарлуулагч” биш. Тэр он удаан жил уран бүтээлч нөхдийн бүтээлийг нийтийн хүртээл болгох, судлах, сурталчлах, залуу авьяастныг тодруулах, өсгөж хөгжүүлэх зэрэгт онцгой анхаарал тавьж ирсэн. Энэ үзэл бодлынхоо үүднээс “Алтан намар” хөгжмийн наадам, “Морин хуур” оны шилдэг дуу шалгаруулах наадам, морин хуурын анхдугаар наадам, Монгол туургатны уртын дууны наадам зэргийг санаачлан зохион байгуулж иржээ. Нөгөө талаар Н.Жанцанноров өндөр мэргэжлийн, хөгжмийн судлаач хүн. Тэр оюутан байхдаа буюу 1978 онд Украины хөгжмийн залуу судлаач нарын симпозиумд оролцон “Монголын хөгжмийн сэтгэлгээний онцлог” сэдвээр илтгэл тавьж байсны дээр Киев хотын хөгжмийн дээд сургуулийг төгсөхдөө “Монголын хөгжмийн 5 өргийн тогтолцоо” сэдвээр дипломын ажлаа хамгаалж, өндөр үнэлгээ авч байв. Энэ цагаас хойш Н.Жанцанноров бүтээл туурвилынхаа зэрэгцээ олон төрлийн судалгаа хийж, удаа дараагийн эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлснээс гадна хөгжим судлалын асуудлаар олон арван өгүүлэл, шүүмж, өлгөц зэргийг бичиж, эрдэм шинжилгээний сэтгүүл болон өдөр тутмын сонингуудад хэвүүлсэн байна. Дээр нь Н.Жанцанноров “Монголын хөгжим судлал”/1989 он/, “Монголын хөгжмийн зохиолчдын 12 хөрөг” /1996 он/, “Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар” /1989 он/, “Монголын ардын уртын дууны уламжлалт нэр томъёоны гаргалгаа” /2006 он/, “Монгол хөгжмийн 5 эгшигтийн онолын асуудлууд” /2006 он/, “Хөгжим, цаг үе” /2006 он/ зэрэг судалгааны 10 гаруй ном хэвлүүлснээс гадна бусад судлаачид, эрдэмтэд, уран бүтээлчдийн ном бүтээлүүдийг редакторлож, өмнөх үг бичиж, гүн туслалцаа үзүүлжээ. Ийнхүү Н.Жанцанноров уран бүтээлийнхээ нөр хөдөлмөрийн зэрэгцээ хичээнгүйлэн ажиллаж, судалгаа хийсээр 2003 онд “Монголын хөгжмийн эгшиглээн дэх дагнамал сэтгэлгээний зарчим” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Энэ мэт миний хураангуйлан өгүүлснээс харахад Н.Жанцанноров шиг “Хоногт 25 цаг ажилладаг”, “Та нарт зориулагдсан” хүний л хийж бүтээж чадах ажил бүтээл гэдэг нь мэдрэгдэнэ. Түүний бичсэн номуудыг сонирхон уншиж үзэхэд агуулгын хувьд гүнзгий бөгөөд нягт, сэтгэлгээний нарийн гаргалгааг баримтад тулгуурлан гаргаж, өөрийн оюун дүгнэлтээр баяжуулан системчилсэн байдаг. Угаас Н.Жанцанноров хүүхэд байхаасаа математик сэтгэлгээ сайтай өссөн учир аливаа асуудлыг эрэмбэ дараалалд оруулах, хэд хэдэн бодомжоос шинэ оюун дүгнэлт гаргах, тусгайгаас ерөнхийд шилжих, ерөнхийгөөс тусгайлан задалж авч үзэх зэргээр номын дотоод өрнөл хөгжлийг сурамгай хөтөлсөн нь гүнзгий мэдрэгдэнэ. Түүний оюуны энэ чадамж нь ном бүтээл, хөгжимд нь төдийгүй үг, ярианд нь гүнзгий илэрдэг. Н.Жанцанноров ярихдаа гүнзгий дүгнэж, цэгнэж, уг ёзоороор нь эргүүлж хэлэхийг эрмэлздэг. Угийн цэгцтэй сэтгэлгээ, өргөн мэдлэг нь аливаа зүйлийг үгээр илэрхийлэхэд амар хялбар, сонсууштай болгодог биз. Хүний хэл сэтгэхүй хоёр холбоотой бөгөөд сэтгэхүй нь хэлээр илэрдэг гэдэг. Иймд Н.Жанцанноровын сэтгэлгээ нь цэгцтэй учир хэл яриа нь эрэмбэтэй , сонсууштай байгаа хэрэг. “Өнөөдөр” сонины сэтгүүлч, “Жанцанноров гуай ярьж буй зүйлээ элдэв баримт, түүхээр баяжуулан “өнгөтөөр үзүүлэх” нь тун амттай. Тэгээд үгээ үе үе тасална, өргөлт авна, эсвэл нэг амьсгаагаар дуусгана. Заримдаа үгээ хүлхэж, түлхэх нь үргэлж нооттой “ноцолддогтой” нь холбоотой юм болов уу, эсвэл утгыг нь ухуулахаар хичээдгээс тэгдэг юм болов уу. Ямартай ч, өгүүлбэр нь тасрахгүй удаан үргэлжилсэн ч ердөө ончирч орооцолдохгүй юм” гэж тэмдэглэсэн баримт бий. Энд уул сэтгүүлч , Н.Жанцанноров ярихдаа хүртэл аливаа асуудалд дотоод задаргаа хийж, бас нэгтгэн дүгнэж, нарийн эрэмбэнд оруулан багцлаад, баримтаар баяжуулан өгүүлж дадсаныг сүрхий ажигласан байна.
“Ярина гэдэг ч ажил. Ажил ажилдаа бүр сэтгэхүй шаардсан ажил” гэдгийг Н.Жанцанноров шиг ойлгож мэдэрсэн хүн ховор. Гэхдээ Н.Жанцанноров ярих газраа, цагаа олж ярихаас биш цаг үрэн яриа урсгаж явдаг хүн биш. Зарим хүн Н.Жанцанноровын яриаг сонсоод “Мөн ярьж чаддаг толгой шүү. Амбицтай нөхөр дөө” гэх юмуу, “Өөрийгээ рекламдаж байхгүй юу” гэх мэт сул үг хэлж байхыг сонссоноо энд тэмдэглэе. Энэ дэмий сул үгс нь атаархуу, хийсэн юмгүй хүний үг юм уу, ерөөсөө Н.Жанцанноровын ярианы утга чанарыг ойлгоогүй нэгний л үг биз. Тэр нэгэнтээ “Ойлгож ухаарсан үедээ болохгүй бүтэхгүй зүйлийг нь өөрийнхөө санаагаар хэлж, илэрхийлж яагаад болохгүй гэж… Би ухаан санаагаа уралдуулж байна гэж ойлгодог. Тийм болохоор би хэнээр ч амаа бариулахгүй” гэж бардамхан хэлсэн. Энэ бол ам ажлын зөрөө гаргадаггүй, өөртөө эзэн болж чаддаг хүний үг. Нөгөө талаар үг гэдэг өндөр хариуцлага гэж ойлгож мэдэрч явдгийн илрэл юм. Энэ бол Н.Жанцанноровын эрхэмлэж явдаг ёс суртахууны эрхэм чанаруудын нэг билээ. Энэ мэтээр тоочвол Н.Жанцанноровт олон шилдэг чанарууд бий. Энэ цагийн хүний эрхэм чанаруудыг яаж тэр ингэж өөртөө төлөвшүүлж авав аа гэсэн асуулт гарч ирж болно.
Уртын дуу судлаач С.Богд-Очирын сурвалжлан олж бичсэнээр “ Жанцанноровын эцэг Нацаг нь Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууны уугуул. Бага залуудаа лам явжээ. Тэрбээр орон нутагтаа Эд хэрэглэгчдийн хоршоо, Хужирт сумын артелийг үүсгэн байгуулахад гар бие оролцсон хүн юм. Нацаг нь амьдралын гүйх ухаан сайтай, ахуй арилжааны сэтгэлгээтэй хөдөлмөрч, гүндүүгүй малчин байжээ. Ээж П.Цэрмаа нь уртын дуу сайхан дуулчихдаг, нутгийнхаа найранд уригддаг дуучин байв. Том хүү Гончиг нь уртын дуу эвлэгхэн дуулдаг, сайн адуучин уяач хүн” аж. Эндээс үзэхэд Н.Жанцанноров нь айраг, уртын дуу хоёроороо алдартай Өлзийт сумын уугуул бөгөөд эгэл жирийн малчны гэрт, уртын дуу, адуу хоёрт ойрхон өсчээ. Энэ үгийг дээр би тэмдэглэсэн. Гэхдээ нэмж авч үзүүштэй зүйлүүд байна. Н.Жанцанноровыг нялх балчир байх тэр цагт монголчуудын аж байдлын соёл, уламжлал тэгтлээ алдагдаагүй байсан учир тусгах зүйл их байсан. Тун үгүйдээ тэр үед энэ нутгийн уртын дуучин “улаан” Дэндэв, Ц.Гүнрэгжав, Х.Содном, “наримаан” Майдаржав, Цагааны Гомбо, “алаг нүдэн” Гомбо, Балдандорж, Ж.Дондог, Т.Цэрэнжав нар амьд сэрүүн, 32 түрлэгтэй уртын дуугаа дуулсаар байсан биз. Тэдний дуулах эв дүй, намба өөр өөрийн дээр ёс дэгээ барьж, хэлэх үг, хэлэлцэх үйл нь ёс тахимдуу, билэг төгөлдөр байсан. Энэ бүхнээс Жанцанноров уртын ая эгшгийн өрнөл, хөгжил, буулт, тасралт, алслалт зэргийг багаасаа мэдэрч, оюун ухаандаа шингээж үлдсэн нь мэдээж. Монголчуудын найр наадам шиг уртын дууны гайхамшигтай сургууль ховор гэдэг. Энэ үүднээс авч үзвэл Н.Жанцанноров тэр “сургууль”-д албан бусаар суралцаж, багаасаа чихний жанлав хурааж, сэтгэхүйн сонор нь нээгдсэн гэж болно. Тэгээд хөдөөгийн аж амьдралын тэр хөгжимлөг, уран зураг шиг ахуйд угаас байгалиас заяасан авьяасын “гал” нь дүрэлзэн бадралгүй яах билээ. Энэ бүхний цаана нүүдэлчдийн ариусал, гэгээрэл, хөгжил хөдөлгөөн бүгд л явдаг юм.
Нөгөө нэг тэмдэглэх зүйл бол найртай, найрагтай, дуутай газар хүмүүс ерөөл магтаал хэлэх, шоглол, хошигнол, егөөдөл, үгэн дайралцаа зэргээр оюун ухаан сорих нь элбэг байдаг. Энэ нь найр наадмыг хөгжөөхийн дээр хүмүүсийн оюун ухааны хөгжилд онцгой нөлөөтэй байдаг. Ялангуяа уран сайхны болон дүрт сэтгэлгээ хөгжихөд онцгой үүрэгтэй. Аж амьдралын жирийн мэт энэ үйл явдал хүний төрмөл авьяасыг задлан хөгжүүлж шинэ өндөрлөг өөд дууддаг гэхэд хилсдэхгүй. Ийм орчин ахуйд Н.Жанцанноровын оюун ухаан багаасаа задарч, дунд ангийн математик сургалтаар хөгжиж, хөгжмийн багш Н.Очирбатын хүчин чармайлтаар авьяас нь нээгдэж, Багшийн сургуулийн сургалтаар хөгжин батжиж, Киевийн хөгжмийн дээд сургуулийн дээд курсээр оргилд гарсан гэж болно. Энэ бүх он цагуудын турш Н.Жанцанноров гэдэг хүн өөртөө эзэн байж, цэгцтэй үйл ажиллагаагаар дотоод ертөнцөө хөтөлж ирснийг бахархан тэмдэглүүштэй. Тухайлбал “Яаж би бусдын төлөө зориулагдсан хүн болох вэ” гэдэг зорилгоо биелүүлэхийн төлөө махран зүтгэж, тэр зорилгодоо хүрсэн хүн юм. Гэхдээ Н.Жанцанноров хийсэн бүтээсэндээ сэтгэл ханалгүй “Оргилын цаана оргил бий” хэмээн сэтгэлдээ сүсэглэн бодож хүслээрээ жигүүрлэн шинэ өндөрлөг өөд мацсаар байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Нацагийн Даваадаш/МУСГЗ/