Дээд лиг. 6-р тойрог. Улирлын тоглолт-30. Deren FC  2 : 1  Хоромхон клуб Хүснэгтийг тэргүүлэгчид байрлалаа хадгалж үлдэх, зочин багийн хувьд дор хаяж оноо хуваах, болж өгвөл бүтэн оноо салгах зорилготой талбайд гарцгаасан нь ойлгомжтой. Хоёр багийн тоглолт үргэлжийн мөнхийн өрсөлдөөн, тэмцэл ихтэй болдог бичигдээгүй хуультай. Гарааны бүрэлдэхүүнүүдийг нь харахад 2-3 гадаад тоглогчоо талбайд гаргажээ_

 

Тоглолтын 12 дах минут эхэлж байхад Дэрэнгийн багийн ахлагч, хамгаалагч #12 Орхоны Мөнх-Оргил арын бүсээс Япон тоглогч, довтлогч #11 Фүнами Ютарод алсын дамжуулалт өгч, тэрээр цааш нь баруун жигүүр явсан #23 Э.Эрхэмбаярт хаяж, довтлогч богинохон зайд Хоромхоны #17 Бат-Төгөлдөрийг хууран урагшилсаар 16-гийн талбайд цөмрөн орж, хөндлөн дамжуулалтыг өгсөн ч хамгаалагч #6 Като Рюогийн хөлд ойж ирэхэд амжиж арагш нь хатгалаа. Яг энэ үед #2 Т.Дөлгөөний цагаа олсон баруун хөлийн цохилт байгаа онож, эхний бөмбөг хаалганд оров. Хэрэгтэй үед, хэрэгтэй цагт хаана байхаа мэднэ, мэдэрнэ гэдэг энэ дээ.

 

 

 

 

Учраа таарсан 2 багийн тоглолт ерөнхийдөө хатуу ширүүн уур амьсгал дунд өрнөдөг. Ялангуяа 2-р үед. Тэр ч ёсоор болов. Ээлжилж довтлон, бөмбөгний төлөөх халз тулаанууд үргэлжилсээр. тоглолтын 54 дэх минут. Бишрэлт Хоромхон клуб булангийн цохилтоо дамжуулалт болгон #22 Такатокү Юкид өгөв. Түүний дамжуулалтыг О.Мөнх-Оргил мөргөж зайлуулсан ч хагас хамгаалагч #8 Б.Батмөнх шууд цэвэрлэлгүй урдаа ойлгосныг эсрэг багийн #11 багийн ахлагч, довтлогч Н.Наранболд овжин ашиглан, шууд л хаалга руу явуулснаар тоо 1:1 болж тэнцэж ирлээ. Ингэснээр тоглолт бүүр сонирхол татам өрнөлтэй өрнөв. Дэрэн клубын #11 Ф.Ютаро 76 дах минутад лигийг тэргүүлэгч багт тун хэрэгтэй байсан хожлын гоолыг оруулснаар 2:1-ийн харьцаагаар Хоромхон багийг хожсон юм. #3 Б.Ууганбат хагас хамгаалагч М.Мөнххүслэнд 16-гийн талбай руу өндрөөр дамжуулсныг Хоромхоны хамгаалагч, хашир мастер #3 Д.Төрбат мөргөж хаалгач руугаа өгөх гээд дутуудуулсныг өнөөх Ф.Ютаро өршөөсөнгүй. Хаалгачид ч хаах боломж өгсөнгүй. Дэрэнчүүд хэрэгтэй 3 оноогоо бүтэн хармаалж, зочид хараахан оноо салгаж чадалгүй үлдлээ. Тоглолт дууссаны дараа Бишрэлт Хоромхон багийн ахлагч Н.Наранболд тамирчин хүнд байж боломгүй ёс зүйгүй бүдүүлэг үйлдэл гаргаж, шүүгч Хаш-Эрдэнэ шар хуудсаар торгов. Улаан хуудас ч өгч болохоор л харагдлаа. Шигшээ багийн тамирчин, дээд лигийн нүүр царай болж яваа тоглогч ийм үлгэр дуурайлалгүй байдал гаргаж байгаа нь харамсалтай.

 

Спортын сэтгүүлч Н.Тамир

 

 

 

Тоглолтын гэрэл зургаас

 

461814208_1003104444947693_3135099230158469304_n
461814208_1003104444947693_3135099230158469304_n

 

6 тойргийн дараах байдлаар хүснэгтийг Дэрэн клубын залуус ганц ч хожигдолгүй, 5 хожил, 1 тэнцээ, 16 оноотойгоор итгэл төгс тэргүүлж яваа бол лигийн аваргууд болох Эрчим, Фалконс, Хангарьд, Улаанбаатар багууд 11-13 оноотой шил даран нэхэцгээж байна. Харин нь нэг ч ялалтгүй, бас оноо авч амжаагүй Төв Азарганууд баг алдсан бөмбөгний -71 гэсэн анти үзүүлэлтээр сүүл мушгисаар…

 

 

 

 

энэ пүрэв гариг буюу 10-р сарын 3 нд Ховд-Хантерс багуудын тоглолтоор эхлэх дараагийн 7-р тоглолтын хуваарийг танилцуулъя. Бишрэлт Хоромхон-Фалконс болон Дэрэн-Хангарьд багуудын тоглолт ч нэлээн сониохол татахаар байна даа.

 

 

 

 

Mongolian Premier League