Н.Тамир : Спортын сэтгүүлч хүн их спорт шигээ гал цогтой, мэргэжилдээ дуртай, жинхэнэ дүрэлзэж байх ёстой
Олимпын 3 алт, 1 мөнгө, дэлхийн 9, Европын 12, ЗХУ, ТУХН, ОХУ-ын 13 удаагийн аварга домогт бөх Александр Карелинтай “Сидней-2000” олимпын наадмыг сурвалжлах үеэрээ таарч, патиараа даруулсан агшнаа эргээд дурсахад таатай байна. Одооны нөхдүүд шиг улсын төсвөөр, татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж явсангүй. Зардлаа босгож аваад, гав ганцаараа камераа үүрээд л явсан. Монголынхоо үзэгчдэд тамирчдынхаа хэрхэн оролцсоныг, мөн олимпын эргэн тойронд болсон үйл явдал, сонин хачинаас боломжоороо үзүүлчих гээд хэрэндээ л хичээсэн, зүтгэсэн, бас чадсан. Тухайн үед UBS TV-ийн эфирээр 10 гаруй цуврал нэвтрүүлэг бэлтгэн үзүүлсэн. Залгуулаад Одод ТВ студи маань баасан гариг бүрийн орой 19:00 цагаас “UBS Sport” хөтөлбөрийг хүргэж эхэлсэн. Дороо л спорт сонирхогчдын санаанд нийцэж, урам ч их авсан. Л.Балхжав ах ч их дэмжсэн. Долоон жилийн хугацаанд ТВ-ийн спортын нэвтрүүлгийг жин дарах хэмжээнд хүргэсэндээ одоо ч сэтгэл хангалуун явдаг юм.
Нэг зүйлийг хэлэхэд дараа үеийн залуус, спортын сэтгүүлчид маань үнэнийг хэлэхэд их залхуу болжээ. Тэд эрэл хайгуул, судалгаа хийхгүй, ном уншихгүй, номын санд суухгүй, толгой тархиа цэнэглэхгүй, сайн уран бүтээл хийе гэсэн ямар ч хүсэл тэмүүлэл, эрмэлзлэл алга. Зүгээр л байгууллагаараа, аль эсвэл аль нэг спорт холбоогоор зардлаа даалгаад, том тэмцээн, чадвал ганц нэг удаа олимпын наадам үзэх зорилгод өөрсдийгөө хайрцаглаж орхисон. Тэгээд энэ ахархан бодол нь биелчихээр зардлаа даалгасан нэг байгууллагын ноомой “зарц” нь болцгоодог. Спортын сэтгүүлч хүн их спорт шигээ гал цогтой, мэргэжилдээ дуртай, жинхэнэ дүрэлзэж, дүрэлзүүлж байх ёстой. Нас минь жаахан явчихлаа. Гэхдээ арай ч тэтгэвэртээ гарах болоогүй. Авъяас, мэргэжил, ур чадвар, хөдөлмөрөө зөвөөр үнэлүүлж чадвал дахиад 10 байтугай жил өмнө маань харгдаад л байгаа.