Олимпын аваргыг ялсан Л.Энхрийлэн дагах барилдаанд ялагдал хүлээв
Жүдо бөх. Эмэгтэйчүүдийн -57 кг. ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн ЭНХРИЙЛЭН. Түүний эхний учраа өмнөх олимпын наадмын аварга Косовогийн жүдоч Нора Гжакова. Хүнд сугалаа, хатуу оноолт хэдий ч олимпын дэвжээнд тааруу өрсөлдөгч гэж байхгүй. Аваргатай таарлаа гээд манай бөх жийрхсэнгүй. Үндсэн цаг дуусгаад, нэмэлт цагт тултал барилдав. Өгөө аваатай, өндөр хэмнэлтэй барилдаан үзэгч олныг уйдаасангүй. Өрсөлдөгчийн босоогоос хэвтээ рүү шилжсэн хариу мэхүүд бас л эвгүй байлаа. Гэхдээ цаг сунгалтан дээр Монголын бөх илүүрхэж, хоёр хоёр торгуультай барилдаанаас 3 дараалан мэх хийж, санаачилгыг авснаар алтан медальтныг ардаа орхин, шөвгийн 16-д үлдэв.
1/8-д Германы тамирчин Паулина Штаркетай хүндхэн барилдаан хийв. Барилдааны 2 дох минут эхлэнгүүт Европ жүдоч дархан мэхээрээ вазари үнэлгээ авсан хэдий ч манай бөх хариу мэхийг угсруулан хийж, 17 сек даралт авснаар адил вазаритай боллоо. Гуравхан секунд л барьцаа алдалгүй тэсчихсэн бол цэвэр ялалтанд тун ойрхон очлоо. Гэхдээ Монголын тамирчин дэлхийд данслагдсан бөхөө харуулж, чамбайхан ялалтыг аваад ирлээ.
Шөвгийн наймд жингийнхээ мөнхийн өрсөлдөгч нарын нэг дэлхийн отгон аварга, 21 настай БНСУ-ын бөх Хө Ми Митэй барилдав. Энэ бөхтэй өмнө нь дөрөв таарч, 4 давж байсан. Тэр дундаа дэлхийн татами дээр хоёр том ялалт авч байлаа. Барилдаан эхлээд манай бөх торгуулсан. Улмаар дараагийн торгууль ч ирсэн. Мэхийн хувилбар, идэвхийн хувьд Л.Энхрийлэн илүү зүтгэл гаргасан. Хэн хэн нь мэх хоорондын шилжилтийг сайн хийж, хэвтээ байдлаас ч барьцны төлөөх ширүүн тэмцэл өрнөсөн.
Нэмэлт цагийн төгсгөлд Солонгос жүдочийн бяр шавхсан мэх амжилтанд хүрч, тэрээр мөнгөн медалийн төлөө хүч үзэхээр шалгарав. Харин манай бөх дагах барилдааныг дэлхийн аварга, Гүржийн бөх, 24 настай Липартелиани Этеритэй хийхээр болсон. Барилдаан 33 секунд өрнөж, сугадаж мордоод, залгуулж даралт аван, өрсөлдөгч бөх медалийн төлөө үлдлээ.
Л.Энхрийлэнгийн яриа Бичлэг үзэх
Гэрэл зургийг Ч.Ганбат