Олимпын нээлт үзээд огшоод, залуу насаа дурсав
Олимп дуустал юу ч бичихгүй гэж бодсон ч Парисын олимпын нээлт үзээд огшоод, залуу насаа дурсаад сууж байна. Спортоор хичээллэсэн болгон, шигшээ багт багтсан бүхэн олимпод орж чаддаггүй. 1992 оноос эрх авч ордог болсноос хойш бүүр хүнд болсон. Тэр жил Барселоны олимпын наадамд хоёр дүү минь Цэрэнбаатарын Энхбаяр 52 кг-д, Цэрэнбаатарын Цогтбаяр 57 кг-д Варнагийн ДАШТ-ээс, би 1992 оны Тегераны ААШТ-ээс мөнгөн медаль авч эрх авснаар нэг айлын 3 хүү олимпод орж байсан нь Монголд бүү хэл, дэлхийд байхгүй тохиолдол юм билээ.
Одоо гол санаандаа оръё. Цогоо минь тэр үеийн Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн Орнууд/ТУХНО/-ын бөх, дэлхийн аварга С.Смальд луйвардуулан, 5:5 хожигдож медалиа алдаж байлаа. Бид 100 ам.доллар төлж эсэргүүцэл бичсэн ч 5:5-аар тэнцсэн байна. Гэхдээ Смалийн гарыг өргөөд дэвжээнээс буусан учир дахиж барилдуулах боломжгүй гэж билээ. Гурвуулаа шагналт байранд орж, багийн оноондоо нэмэр болцгоосон.
Миний хоёр дох олимпын наадам маань Рио-Жанейрод дасгалжуулагчаар очиж байлаа. Г.Мандахнаран маань цаг дуусахад 7:6 гэсэн оноогоор хожсон байхад бас л луйвардсан. Адал явдалтай өнгөрсөн дөө. Одоо 3 дах олимпдоо бараг л уламжлал болсон гэж болох хувиараа, найз нөхдийнхөө ХАНДИВ ТУСЛАМЖААР төрсөн өдрөөрөө 8-р сарын 4 нд Парис руу ниснэ. Энэ удаагийн олимпод ямар нэгэн будлиангүй оръё гэж бодоод Богд ууландаа, олон жил тамирчдад минь ээлтэй байдаг Хандгайтын тамирчдын овоондоо, мөн Борнуурынхаа овоонд мөргөөд, сүслээд явна. Бүх тамирчид, дасгалжуулагч, эмч, илээч, холбоодынхоо хамт олонд спортын амжилт хүсье.
МУГД, ОУХМ Цэрэнбаатарын Хосбаяр